Бидний тухай
Түүхэн хөгжил
2019/03/01

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТҮҮХЭН ХӨГЖИЛ

Тэртээ 20-р зууны эхэн үед буюу 1910-аад онд нүүрс хэмээх эх орны үйлдвэржилтийн тулгын галыг бадраах ашигт малтмал Налайхад олдсоноор анх суурин үүссэн түүхтэй. 1922 онд хамгийн анхны нүүрсний уурхай, улсын ууган үйлдвэр Налайхад байгуулагдсан юм. Их уурхай нь жилдээ 600 мянган тн нүүрс гаргах хүчин чадалтай, 100 хувь механикжсан, 1500 гаруй ажилтантай, улсын аж үйлдвэржилтэд шаардлагатай нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангаж ирсэн түүхэн үүрэг гүйцэтгэжээ. 

1962 онд Их уурхайг түшиглэн Налайх хот байгуулах тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 88 дугаар зарлиг гарч Налайх хот байгуулах их үйлс эхэлсэн юм.

1992 оноос Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар Налайх дүүрэг болсон.

 

НАЛАЙХЫН ИХ УУРХАЙ

Улсынхаа нийслэлийг илч гэрэл, халуун дулаанаар хангаж ирсэн Налайхын уурхайн түүх 1915 оноос эхлэлтэй юм. 

Оросын нэрт эрдэмтэн И.Майский 1921 онд хэвлүүлсэн Орчин үеийн Монгол хэмээх номондоо "Монголын цорын ганц жинхэнэ үйлдвэрийн газар" нь Өргөөгөөс 35 бээрийн зайд орших Налайх чулуун нүүрсний уурхай юм. Оросын мэргэжилтнүүдийн удирдлагын дор Монголын Засгийн газрын ашиглаж буй энэ уурхай 1915 онд ашиглалтад оржээ хэмээн бичсэн нь түүхийн хөдлөшгүй баримт нотолгоо билээ.

Орос, хятад хүмүүс голлон ажиллаж байсан Налайхын уурхайг Ардын Засгийн газрын шийдвэрээр 1922 оны 12 сарын 25-аас төрийн мэдэлд авч жилд 800 тонн нүүрс олборлох хүчин чадалтай, 12 ажилчидтайгаар эмхлэн байгуулж улс орны орчин үеийн уул уурхайн хөгжлийн эхлэлийг тавьжээ. 

1915-1938 оны үед бүдүүлэг аргаар нүүрс олборлож байжээ. Анхны гар ажиллагаатай уурхай АР уурхай юм. Энэ АР уурхай нь одоогийн Налайх дүүргийн зүүн өмнөх ухаагийн ар шил дээр байсан байна. Эгц доош нь босоо цооног ухаж, нүүрсэнд суулган, тал тал руу малталт гарган зээтүү жоотуугаар ухаж түнхээд поолуу хэмээх сүлжмэл бургасан саванд хийж, гар худгийн маягаар эргүүлгээр нүүрсээ гаргаж авдаг, харанхуйг лаа асааж гэрэлтүүлдэг байжээ. Нүүрсийг морин тэргээр Нийслэл хүрээ рүү зөөдөг байсан нь түүхийн баримтуудаас харагддаг.

1932 онд 60 квт, 1936 онд 120 квт -ын хүчин чадалтай цахилгаан станцтай болж 1930-аад он хүртэл чулуун нүүрсийг ард иргэд, албан байгууллага зохих хэмжээгээр хэрэглэж байсан бол 1930-аад оноос эхлэн эх орны нийслэлд аж үйлдвэрийн газрууд шинээр байгуулагдаж 1939 оны 2 дугаар сарын 26-нд анхны төв цахилгаан станцыг 2500 квт-ын хүч чадалтайгаар ашиглалтанд оруулсан нь түлшний хэрэгцээний шаардлага улам өсөж, үүнтэй уялдан Налайхын уурхайг өргөтгөх арга хэмжээнүүдийг авсан байна.

Энэ үеэс налуу уурхайнуудын үе хөгжиж эхэлсэн байдаг.

Налайхын баруун урд хэсэгт 1-5-р уурхай, Налайхын зүүн хэсэгт 6-23-р уурхай ажиллаж байжээ. Энэ уурхайнууд төмөр замтай, вагонд нүүрс ачих вандантай, 0,5-1 тонн нүүрс татаж гаргах леботиктэй, газар дор хайрцагтай нүүрс эргүүлэх пялттай, агаар болон тээврийн штректэй, 60 метр урт лавнаас нүүрс тээвэрлэн дамжуулах коньвейертэй, хайрцаг түрэгч буюу агт морьтой уурхайнууд байсан байна. 

1936,1938 онд Зөвлөлт холбоот улсаас 10 гаруй мэргэжилтэн ирүүлсэн бөгөөд мөн онд баруун гурван аймгаас олон тооны ажилчид элсүүлэн авчээ. Уурхайн бэхэлгээний модыг зэргэлдээ сумдаас албан журмаар тээвэрлүүлэх шийдвэр гарсан байна.

1938 онд Налайх Улаанбаатарын хооронд нарийн төмөр зам тавьж, нүүрсийг 1-р станцад зөөвөрлөх болжээ. Уурхайд 75 квт -ын дизель станц тавьж, сэгсэрдэг, ДК -15, ДК -19 коньвейх, өрөмдлөгийн Руб машин нэвтэрч, тэсэлгээ хийх болжээ.

Хувьсгалт ардчилсан шатны зорилтыг хэрэгжүүлэх үйлст Налайхын уурхайн оруулсан хувь нэмэрийг үнэлж, 1937 онд уурхайг "Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон"- гоор шагнажээ. 

Дайны хүнд жилүүдэд цэрэгжсэн, зохион байгуулалт, хатуу шаардлага дор өдөр шөнөгүй, ээлжийн амралтгүй хөдөлмөрлөж өдрийн нормоо 1000 хүртэл хувиар биелүүлж байсан нь түүхийн олон чухал баримтаар илэрхий байдаг.

Эдгээр арга хэмжээний үр дүнд нүүрс гаргалт 3,5 дахин, ажилчдын тоо 1,3 дахин өсч 1940 онд 439 ажилчинтай жилдээ 150 мянга гаруй тонн нүүрс гаргадаг болсон байна.

1947 онд Уурхайд ажиллагсадын тоо 700 гаруй болж, ажлын бүтээл нь 246,2 мянган тонн нүүрс болсон нь 1940 оныхоос 65 хувиар өссөн байна.

1952 оны 12-р сарын 15-нд 9-р уурхайн хүрзчин Бадам 6 хүний ажлыг ганцаараа хийх үүрэг авч, ээлжийн 8 цагт 70 тн  нүүрс хүрздэж, нормоо 700 хувь биелүүлж, нүүрс гаргалтын дээд амжилтыг тогтоожээ.

1953 онд бэхэлгээчин Д.Даваажав өөрийн дагалдан шавь Дамбасүрэнгийн хамт 8-р уурхайн баруун штрект хурдан малталт явуулах үүрэг авч ээлжийн 8 цагт 18 уртааш метр малталт хийж, 9 хүний 77 цагт хийх ажлыг амжуулж төлөвлөгөөгөө 933 хувиар биелүүлжээ. Хожим нь Говоо, Жалбуу, Сайндаа, Мансуур, Пунцаг, Д.Тогоо, Ёндон, С.Бавархаан нарын уурхайчид амлалт, үүрэг авч ээлжиндээ 70-170 тонн хүртэл нүүрс гаргаж байсан байна.

1957 оны 12 дугаар сарын 25-нд уурхайн 35 жилийн ойгоор  Монголын уурхайчдын дотроос хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан 17 дугаар уурхайн бэхэлгээчин Дамдингийн Даваажавт БНМАУ-ын Хөдөлмөрийн Баатар гэдэг цолыг Монголын түүхэнд анх удаа олгож, олон тооны уурхайчдыг төрийн дээд одон медалиар шагнасан байдаг. Түүнчлэн жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийг Уурхайчдын өдөр болгон тэмдэглэж байх тухай Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг гарчээ.

Налайхын нүүрсний үйлдвэрийн түүхэн хөгжлийн замналд гарсан үндсэн том өөрчлөлт бол Налайхын капитал их уурхайг 1954-1958 онд барьж байгуулсан явдал юм. Налайхын их уурхайг ЗХУ-ын тусламжаар 169 сая төгрөгний хөрөнгө зардлаар барьж байгуулсан бөгөөд уурхайг байгуулахад Зөвлөлтийн 200 гаруй мэргэжилтэн монгол нөхдийнхөө хамт 43  сарын турш мөнх хөлдүү хөрс, усны ундарлыг сөрөн нэвтэлж эрэлхэг цуутайгаар хөдөлмөрлөсөн байна.

Их уурхай жилдээ 600 мянган тонн нүүрс гаргах хүч чадалтай бүх ажлын 75 хувь нь механикжсан, нүүрсний 5 үе давхаргаас 41,5 сая тонн нүүрс олборлох нөөцтэй юм. ЗХУ-ын сэтгэл харамгүй туслаж, нам засгийн дэмжлэгийн үр дүнд уурхай үндэсний дээд, тусгай, дунд мэргэжлийн олон тооны инженер, механикч нартай болж зөвхөн 1956-1966 оны хооронд 200 гаруй уурхайчдыг ЗХУ-д явуулж урт богино хугацааны сургууль курст сургаж төрөл бүрийн мэргэжил эзэмшүүлсэн байна.

Уурхайчдын амжилтыг өндрөөр үнэлж 1961 онд уурхайчин Ж.Отгонцагаан, Х.Түвшин нарт, 1962 онд уурхайн 40 жилийн ойгоор уулын мастер Н.Залиль, малтагч Д.Чанкий, Ж.Батлай нарт тус тус Хөдөлмөрийн баатар цол олгож, 160 шахам уурхайчдад засаг төрийн дээд шагнал одон медаль хүртээжээ.

1971 онд Ардын Хувьсгалын 50 жилийн ойгоор А.Орногвой даргатай 3 дугаар хэсгийнхэн хоногийн нэгдсэн бригадын хөдөлгөөнийг тууштай нэвтрүүлж нэг комбайнт лаваас сард 10 мянган тонн нүүрс гаргах нэмэлт үүрэг авч амжилттай биелүүлсэн тул А.Орногвойд Хөдөлмөрийн баатар, мөн хэсгийн механикч Д.Пүрвээд Гавъяат уурхайчин цолыг тус тус олгож энэ туршлага санаачлагыг монгол орны бүх үйлдвэр, аж ахуйн газарт нэвтрүүлэх тухай Намын төв хорооны улс төрийн товчооны тогтоол гарсныг бүх хэсэг цехийн хөдөлгөөн болгон өрнүүлсэн байдаг.

Их уурхайд 1971 оноос иж бүрэн механикжсан төхөөрөмж шинэ техник нэвтэрснээр уул уурхайн төвөгтэй хөдөлмөрийг хөнгөвчлөх нөхцлийг бүрдүүлжээ.

1972 оны 3 дугаар сараас Н.Лувсанчоймбол даргатай ашиглалтын 2 дугаар хэсэг цэвэрлэгээний мөргөцгийн иж бүрэн төхөөрөмж нэвтрүүлэн ажиллаж хоногийн дундаж гаргалтыг 1000 тн-д хүргэсэн өндөр амжилт үзүүлж байсан түүхтэй. Энэ амжилтаараа 1977 онд хэсгийн дарга Н.Лувсанчоймбол,  машинч Ц.Дорж, уурхайн дарга У.Мавлет нарыг төрийн шагналаар шагнасан байна.

1973 оноос эхлэж ашиглалтын 3 дугаар хэсэгт болон ОКП-100 болон ОКП-10 маркийн цэвэрлэгээний мөргөцгийн иж бүрэн төхөөрөмж нэвтэрч уурхайн нүүрс олборлолт тээвэрлэлтийн ажил 100 хувь механикжжээ.

Уурхайн гүний болон газрын дээрх 20 гаруй хэсэг цехийн ажлыг хянаж тухай бүр зохицуулан удирдах диспетчер хяналтын төхөөрөмж ашиглалтанд орсноор удирдлагын мэдээлэл авах, шийдвэр гаргах ажил шуурхай болсон байна.

1974 онд ОМКТМ -10 төхөөрөмжөөр Н.Лувсанчоймбол даргатай Ашиглалтын 2-р хэсгийн хамт олон сард 51000 тонн, 1978 онд гавьяат уурхайчин Ө.Шаравхаан даргатай Ашиглалтын 2-р хэсгийн хамт олон сард 5800 тонн, 1982 онд Д.Балдорж даргатай Ашиглалтын 3-р хэсгийн хамт олон ээлжинд 3200 тонн, хоногт 6800 тонн, сард 62000, жилд 380 мянган тонн нүүрс олборлож, 1982 онд Л.Раднаабазар даргатай Бэлтгэл 1-р хэсгийн хамт олон ПК-3 комбайнаар сард 600 уртааш метр малталт нэвтэрч ижил нөхцөлтэй орос улсын уурхайчдын дээд амжилтыг тус тус эвдэж байжээ.

Энэ үед ээлжиндээ 10 уртааш метр нэвтрэх, 1000 тонн нүүрс олборлох хөдөлгөөнүүд өрнөж ээлж, хоног, сар, жилийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоож байлаа. Иж бүрэн төхөөрөмжийн задаргаа, угсралтыг 10 хоногт багтааж Оросын дээд амжилтаас 20 хоногоор богино хугацаанд гүйцэтгэж байлаа. Налайхын уурхайчид жилд сая тонн хүртэл нүүрс олборлосон юм.

Налайхын уурхайгаас Д.Даваажав, Ж.Отгонцагаан, Х.Түвшин, Ж.Батлай, Д.Чанкий, Н.Залил, А.Орногвай, Ч.Пүрвээ, Окобал нарын хөдөлмөрийн баатар цолтон, Пүрэв, Сандаг, Адрес, Жавлай, Сайполда, Кадас, Ө.Шаравхан, С.Банзрагч, Уанчив, Жадамбаа, Дамдинсүрэн Балдорж  нарын гавьяат уурхайчид, У.Мавлет, Н.Лувсанчоймбол, Ц.Дорж нарын Төрийн шагналтнууд төрөн гарсан нь зөвхөн Налайхчуудын төдийгүй Монгол түмний бахархал билээ.

Налайхын уурхайг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр дахь удаа шагнаж, V, VI таван жилийн гавшгайч цол хүртээсэн байдаг.

1981 оны 9 дүгээр сарын 15-ны байдлаар Налайхын их уурхайд гадаад дотоодын их дээд сургууль төгссөн 30 гаруй инженер, механик, эдийн засагч, 200 шахам тусгай дээд боловсролтой ажилтан ажилчидтай, 1500 гаруй уурхайчид ажиллаж байв. Нийт уурхайчны 20 гаруй хувь нь уул уурхайн үйлдвэрт олон жил ажилласан дадлага туршлагатай уурайчид 80 орчим хувь нь сүүлийн жилүүдэд гадаад дотоодын сургууль курс төгссөн мэргэжлийн залуу уурхайчид эзэлж байжээ.

 

 

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.