Цаг үеийн мэдээ
Замын ажил эхлэхээр Налайхын замыг 100 хувь бүрэн хаана
2019/03/13
13
3 сар

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас энэ жил нийслэлд хийгдэх зам засварын ажлын талаар тодрууллаа. 

 

-Налайхын замыг шинэчлэн засах ажил ирэх сарын 1-нээс эхлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан ямар зохицуулалтыг хийх вэ?

-Замын ажил эхлэхээр Налайхын замыг 100 хувь бүрэн хаана. Уг замд ойролцоогоор 40 гаруй гүүр хоолой, туннелийн ажил хийхээр төлөвлөгдсөн. Ойрын хугацаанд түр замын асуудлаа яаралтай шийдэх шаардлагатай байгаа. Налайхын замаар Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас, алслагдсан гурван дүүрэг буюу Багахангай, Налайх, Багануур дүүргээс тээврийн хэрэгсэл зорчдогоос гадна Замын-Үүдээс ирж байгаа тээврийн хэрэгсэл мөн зорчдог.

Тиймээс эдгээр тээврийн хэрэгслээ аль замаар зорчуулах вэ гэдгийг нийслэлийн холбогдох агентлагууд, яамтай хамтран хэлэлцэж байна. Богд уулын урд зам буюу Төв аймгийн замаар ачаа тээврийн том оврын тээврийн хэрэгслийг явуулах, тухайн бүсэд оршин сууж буй иргэдийн жижиг оврын тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байгаа. Ойрын хугацаанд эцэслэн шийдвэрлэж, хэвлэл мэдээллээр албан ёсоор зарлана.

-Тус замын шинэчлэлийн талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Одоо байгаа зам нь хоёр эгнээтэй бол шинэ зураг төслөөр дөрвөн эгнээтэй болно. Мөн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөгөөр суурьшлын бүс ихэссэн, цаашид төлөвлөгдсөн. Тиймээс төлөвлөгдсөн уулзварууд дээр бүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс зураг төсөл дээрээ өөрчлөлт оруулснаар суурьшлын бүстэй газруудад дугуйн зам, явган хүний замыг хийнэ.

Тусгаарлах зурвас нь төмөр бетон хийцтэй байх бөгөөд энэ нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ослыг эрс бууруулна. Гэрэлтүүлэгтэй, олон улсын стандартад нийцсэн авто зам болно. 

 

Эх сурвалж: www.ikon.mn 

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.