Цаг үеийн мэдээ
"САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР" АЯНЫГ НАЛАЙХ ДҮҮРЭГТЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019/04/05
05
4 сар

Жил бүрийн 4 сард дэлхийн олон орны иргэд сайн дураараа нийгмийн сайн сайхны төлөө, нийтэд тустай ажил өрнүүлэх зэргээр "САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 
Энэ жилийн хувьд "САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР" 04 дүгээр сарын 07-ны өдөр тохиож байна. 
"САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР"-ийг угтсан арга хэмжээг Налайх дүүргийн ЗДТГ-аас 04 дүгээр сарын 05-ны өдөр дүүргийн төв талбайд зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааны нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцохдоо хэлсэн үгэндээ: "Өнөөдөр бол ичсэн амьтад ичээнээсээ гарч, үндэстэй бүхэн соёолон дэлгэрдэг ханш нээж байгаа өдөр. Мөн дэлхийн олон улс орон 4 дүгээр сард сайн үйлсийн өдрийг тэмдэглэн бие биедээ тусламжийн гараа сунгадаг. Тиймдээ ч хаврын ханш нээж байгаа энэ өдөр Налайхчууд бид сайн үйлсийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ давалгаанд манай төрийн 40 гаруй байгууллага нэгдсэн. Ирэх жилүүдэд улам өргөжин, аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.
Энэ үеэр албан байгууллага, хороод бэлдэж ирсэн зүйлсээ хэрэгтэй нэгэнд нь хандивлах, нийтэд ач тустай ажил зохион байгуулах зэргээр оролцож байна. 
Тухайлбал Боловсролын хэлтсээс 1 сая төгрөгний өртөг бүхий номын тавиур, эко тоглоомыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгт хандивласан бол, дүүргийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд газрын асуудлыг нь шийдвэрлэж, гэр олгох ажлыг зохион байгуулж байна. 
Иргэд та бүхнийг "САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР" аянд нэгдэж, хэрэггүй зүйлсээ хэрэгтэй нэгэнд нь бэлэглэх, урмын сайхан үгсээ бусдад харамгүй хайрлаж, нийгэмд тустай үйл ажиллагааг зохион байгуулахыг уриалж байна.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.