Цаг үеийн мэдээ
ЗАСАГ ДАРГЫН ЯВУУЛЫН ӨРӨӨ ДӨРӨВДҮГЭЭР ЗӨРЛӨГТ ХҮРЧ АЖИЛЛАЛАА
2019/04/11
11
4 сар

Дүүргийн нутгийн захиргааны болон төрийн байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор “Засаг даргын явуулын өрөө”-г 2019 оны 03 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд дүүргийн 7 хороонд зохион байгуулсан.
Тус үйл ажиллагаагаар дамжуулан 7 хорооны, давхардсан тоогоор 1021 иргэнд төрийн үйлчилгээг хүргэсэн бол, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 176 иргэнтэй биечлэн уулзсан байна.

Засаг даргын Явуулын өрөө үйл ажиллагаа үргэлжилж, алслагдсан гэж хэлж болох 4 дүгээр зөрлөгт өнөөдөр очиж ажиллан, иргэдтэй уулзалт хийлээ. 
Энэ хэсэг, газар нутгийн хувьд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт харьяалагдах хэдий ч иргэд, оршин суугчид нь Налайх дүүргийн иргэд юм. 
Тиймээс дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон Засаг даргын орлогч Х.Анхбаяр, 3 дугаар хорооны Засаг дарга Б.Гантуул болон Цагдаагийн хэлтэс, ХХҮХ, ГБХЗХХ, Эрүүл мэндийн төв, Газрын алба, Эрдмийн оргил цогцолбор сургуул зэрэг байгууллагын удирдлагууд очиж, иргэдтэй уулзалт хийн, дүүрэгтээ хийгдэж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл хүргэн, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.

Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс хилийн цэсийн асуудал болоод тухайн хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн талаар саналаа илэрхийлэн, дүүргийн удирдлагуудаас асуулт асуухын зэрэгцээ холбогдох төрийн үйлчилгээнүүдийг авлаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчдын баг ажиллан, иргэдийн артерийн даралт үзэх, Зүрхний цахилгаан бичлэг хийх зэргээр урьдчилан сэргийлэх үзлэг хийж, зөвлөгөө зөвлөмж өгсөн юм.

Энэ үеэр төрийн үйлчилгээг очиж авах боломжгүй, хэвтрийн болон байнгын асаргаа дэмжлэг шаардлагатай 2 айлаар дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар зочилж санал хүсэлтийг нь сонссон бол, Эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн үйлчилгээг үзүүллээ.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.