Налайх дүүрэг

НАЛАЙХЫН ЗАМЫГ ӨНӨӨДРӨӨС ХЭСЭГЧЛЭН ХААЛАА

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх-Гачууртын уулзвар хооронд 20.9 км автозам шинээр тавих ажил энэ сарын 15-наас эхэлж буйтай холбогдуулан тус замын гурван км хэсгийг өнөөдөр 06.00 цагт хаажээ.

Тодруулбал, Налайхаас "Эмийн ургамал" хүртэл хуучин замаар зорчиж, "Эмийн ургамал"-аас "Ургах наран хороолол" хүртэл гурван км газар түр замаар ирэх сарын 1-н хүртэл зорчих юм. Харин тавдугаар сарын 1-нээс Баянзүрхийн товчоо-Налайх хүртэлх хуучин замыг бүрэн хааж, түр гаргасан замаар зорчих юм байна. 

Мөн зүүн аймгаас нийслэл рүү ирж буй, бүх жин нь 3.5 тн-оос дээш ачааны автомашин, 8-аас дээш хүний суудалтай тээврийн хэрэгслийг "Налайх, Чойрын уулзвар-Дөрөвдүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар" гэсэн чиглэлээр явуулахаар болжээ.

Харин 3.5 тн-оос бага жинтэй, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл Налайх-Гачууртын уулзвар хүртэл зорчино. Налайх-МУБИС чиглэлийн нийтийн тээврийн автобусанд энэ зохицуулалт хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн автобусыг хэсэгчлэн хаасан түр замаар зорчихыг зөвшөөрчээ.

Засгийн газраас шинэ замыг 11 дүгээр сар хүртэл тавьж, ашиглалтад оруулахыг ЗТХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын багт үүрэг болгосон. Замыг ашиглалтад оруулах хугацаа богино учир 20.9 км замыг дөрөв хувааж нэг зэрэг тавьж эхлэхээр төлөвлөөд байгаа аж.

Налайхын шинэ зам олон улсын стандартад нийцсэн, дөрвөн эгнээ бүхий өндөр зэрэглэлийн бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай байх юм.

Хуваалцах: