Налайх дүүрэг

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ, ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН НАР 20.9 КМ АВТО ЗАМЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс 06 дугаар сарын 08-ны бямба гаригт Налайх дүүрэгт ажиллалаа.

Албаны зочдыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нарын дүүргийн удирдлагууд хүлээн авч, хамгийн эхэнд томоохон бүтээн байгуулалтын нэг болох Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн төслийн ажлын явцтай танилцууллаа. 

Уг төсөл нь өнгөрсөн дөрөвдүгээр сард ажил нь эхэлсэн бөгөөд энэ оны арваннэгдүгээр сард хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байгааг Улаанбаатар хотын Автозам, нийтийн тээвэр хариуцсан орлогч дарга Б.Отгонсүх танилцууллаа. Хоёр эгнээ тус автозамыг дөрвөн эгнээ 26 метрийн өргөн болгон өргөтгөж байгаа бөгөөд Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро” ХХК ажиллаж байна. Харин туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Тэгшплант” ХХК, “Гашууны гол” ХХК, “Дарданговь” ХХК гэсэн гурван компани ажиллаж байгаа аж. Төслийн хүрээнд 20,9 км автозам, Хөлийн голын гүүр, нүхэн гарц, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, нийтийн тээврийн зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэх юм байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх стратегийн хувьд чухал ач холбогдолтой, хамгийн их хөдөлгөөний урсгал зорчдог тус замын бүтээн байгуулалтын ажлыг "халтуурдахгүй" хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон юм.

 

 

Хуваалцах: