Налайх дүүрэг

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: “ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХОД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОРОЛЦОО ЧУХАЛ”

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс НБМҮТП-ийн үйл ажиллагаатай танилцсаны дараагаар дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Налайх цэргийн хүрээний бүрэлдэхүүн, дүүргийн удирдлагууд угтан авлаа. 
Дүүргийн Соёлын ордонд болсон төрийн албан хаагчидтай хийх уулзалтад дүүргийн 40 гаруй төрийн байгууллагын 350 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад хандан хэлсэн үгэндээ: "Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журмыг чандлан сахин, эрхэлсэн ажилдаа сэтгэл, зүтгэлтэй ажиллахыг хүсээд" 9 чиглэлийн үүрэг даалгавар өгсөн юм.
Тэрбээр “Төрийн албан хаагчийн нэрийг барьж элдэв ёс зүйгүй үйлдэл гаргадаг байдал их болсон энэ үед дор бүрнээ үүрэг хариуцлагаа ухамсарлан, бүтээлч, ёс суртахуунтай байж иргэдээ дээдлэн ажиллаарай. Шударга ёсыг тогтоогчид нь төрийн албан хаагчид бид өөрсдөө юм шүү” гэдгийг онцлон дурдсан юм. 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан "Төрийн албан хаагчид та бүхэн бол төр, иргэн хоёрыг холбосон гүүр гэдгээ санаж хариуцлагатай, санаачлагатай, үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийнхээ оролцоог хангах ёстой. Иргэд оршин суугчид маань хариуцлагатай байх ёстой. Төрийн албан хаагчид бид өөрсдөө шударга хариуцлагатай ёс зүйтэй, ажлын бүтээмж өндөр, нээлттэй хурдан шуурхай ажиллах хэрэгтэй. Нийслэлийн удирдлагуудын зүгээс дүүрэг, хорооны Засаг дарга нар тэр тусмаа төрийн албан хаагч бүрийг иргэдийнхээ дунд орж ажиллахыг уриалж байна. Ингэснээр асуудал бүрийг газар дээр нь шийдвэрлэх, төрийн алба ахицтай урагшлах болно” хэмээлээ. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагуудаас Налайх дүүргийн төрийн албан хаагчид асуулт асууж нээлттэй ярилцав.

 

 

 

Хуваалцах: