Товч танилцуулга

Налайх дүүрэг нь Нийслэлийн есөн дүүргийн нэг бөгөөд нийслэлээс зүүн урагш 36 км-т өвөлдөө -20с-25 хэм, зундаа +23с+26 хэмийн дундаж температуртай ойт хээрийн бүсэд оршдог.



Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сумтай хиллэдэг. 68,7 мянган га нутагтай, 8992 өрхийн 32513 хүн амтай, Засаг захиргааны 7 хороо. 40568 малтай. Нийслэл хоттой авто болон төмөр замаар холбогдсон.
Төрийн төсөвт 28 байгууллагатай, Ерөнхий боловсролын сургуульд 6000 гаруй сурагч, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрийн Төвд 1200 гаруй хүүхэд, цэцэрлэгт 1126 хүүхэд тус тус суралцан байна. 120000 , 45000 квт-ийн хос шугамаар Улаанбаатартай холбогдсон, эрчим хүчний хэрэглээг 10 дахин нэмэгдүүлэх чадалтай өртөөтэй.



Нийслэлийг цэвэр усаар хангаж буй дээд эх үүсвэртэй холбогдсон. Дулааны одоогийн хэрэглээг 3 дахин нэмэгдүүлэхэд хангах дулааны станцтай. Цэвэрлэх байгууламжийн хувьд нийслэлтэй холбогдож байгаа.



Уул уурхайн, шилний үйлдвэр, эрчим хүч, авто, оёдлын мэргэшсэн инженер техникийн ажилтан, ажилчдын ажиллах хүчний нөөцтэй. Зүүн аймгууд болон нийслэлийг холбосон уулзвар газар тул хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хүлээн авч боловсруулах үйлдвэр малын зах байгуулах боломжтой.



Манай Налайхад Чингисийн хүрээ, Түрэгийн Тоньюкукийн хөшөө, Хан Хэнтийн Дархан Цаазат Газар, Горхи Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар зэрэг түүхийн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газар олонтой. Туул голын “Хар шугуйн” Хөх Тэрмэсийн Чингис уулын бэлд “Чингисийн хүрээ” нэртэй газар байдаг. Энэ “Чингисийн хүрээлэн” нь шинжлэх ухааны олон салбар бүхий академи болж түүхэнд Чу, Долгудай  мэргэн хэмээн алдаршсан мэргэд чуулж байсан нь Монголын нууц товчоонд бичигджээ.



Алт, цагаан тугалга, болор, нүүрс, шохой, элс хайрга зэрэг байгалийн баялагтай.
Үе үеийн Налайхчууд Монгол улсын аж үйлдвэрийн тулгын чулууг тавилцан, Нийслэлээ илч дулаанаар 86 жил хангаж, Монгол Улсын Хөдөлмөрийн 9 баатар, 9 Гавъяат уурхайчин, Төрийн шагналт 3 уурхайчин төрүүлснээрээ бахархдаг.
Одоо манай Налайх дүүрэг Чех, Солонгос, Сингапур, БНХАУ-тай гадаад харилцаатай бөгөөд ойрын хугацаанд манай дүүрэгт 3000 айлын иж бүрэн орон сууцны хороолол баригдахаар төлөвлөгдсөн.



Ойрын ирээдүйд манай дүүрэг аж үйлдвэрийн шинэ парктай болж барилгын 40 гаруй дунд, жижиг үйлдвэр ашиглалтанд орсноор, ажлын байр нэмэгдэнэ. Хан Хэнтий, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Хөдөө аж ахуйн талаар эрчимжсэн мал аж ахуйтай, хүнсний ногоо, жимс жимсгэний мод голлон тариалах газар тариаланг хөгжүүлэх боломжтой дүүрэг юм.