НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
Налайх дүүрэгт Налайх хотыг байгуулах шийдвэр гарлаа

Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг саруулах, өөрийн хөгжлийн онцлог бүхий дагуул хотуудыг байгуулах бодлогын хүрээнд нийслэлийн дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт, нийслэлийн дагуул Багануур хотыг Багануур дүүрэгт  байгуулах тухай асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 25 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Налайх хотыг байгуулах ажил 2014  оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг 1 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан. Санал асуулгад оролцсон Налайх дүүргийн иргэдийн 96,8 хувь нь Налайх дүүрэгт Налайх хот байгуулахыг байгуулахыг дэмжсэн нь Налайх хотыг байгуулахад хамгийн чухал түлхэц болсон.

Хуралдааны үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга  “НИТХ-ын төлөөлөгчид бид Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах түүхэн шийдвэр гаргалаа. Хот байгуулахад иргэдийн хүсэн хүлээсэн тэр бүх үр дүн нэг дор хэрэгжинэ гэж байхгүй. Харин НИТХ, нийслэлийн Засаг дарга хотыг хот шиг болгож, хотын иргэд асуудлаа өөрсдөө бие даан шийдвэрлэдэг байх хууль эрх зүйн үндэс, санхүү, өмч хөрөнгийн бололцоог хангаж, шаардлагатай хууль дүрэм, асуудлуудыг УИХ, Засгийн газраар шийдвэрлүүлэх арга хэмжээг авч, хамтран ажиллах ёстой. Бид өнөөдөр уг асуудлыг баталж байгаа ч маргааш нь янз бүрийн үл ойлголцол, зөрчил гарна. Тэр бүгдийг НИТХ, нийслэлийн Засаг даргын хэмжээнд дор бүрт нь шийдвэрлэн ажиллаж чадвал магадгүй хэдэн жилийн дараа бидний тавьсан эхлэлийн үр дүн гарах бизээ. Хамгийн гол нь бүх зүйлийг хууль дүрмийн дагуу шийдвэрлэх ёстой” гэв.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “УИХ-аас нийслэл дагуул хоттой байж болно гэдэг шийдвэр гаргачихсан. Нийслэл түүхэндээ анх удаа дагуул хот байгуулж, иргэдийнхээ хүсэл зорилгыг хэрэгжүүлэх гэж байна. Дагуул хот байгуулагдсанаар улс төрийн биш аж ахуйн шинжтэй хог хаягдал, нийтийн аж ахуй, хот төлөвлөлт зэрэг үйл ажиллагаа хот руу шилжинэ. Өөрөөр хэлбэл хот бие даан шийдвэр гаргах боломжтой болно гэсэн үг юм. 1993 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, 1994 онд энэ хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоол гарсан ч уг тогтоолыг хэрэгжүүлээгүй 21 жил болсон. Бид ямарч байсан энэ асуудлыг шийдвэрлэлээ. Тийм учраас энэ бол түүхэн шийдвэр юм” гэлээ.

Налайх хотыг байгуулснаар хуулийн этгээдийн хувиар эрх зүйн харилцаанд бие даан оролцох боломж нээгдэх, Санхүү хөрөнгийн нөөцөө зөв зүйтэй зарцуулж, хотын хөгжилд дэвшил гарах, УИХ, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагаас хамааралгүйгээр асуудлаа өөрсдөө шуурхай шийдвэрлэх, хотоо удирдах, хөгжүүлэхэд оршин суугчдын идэвх оролцоо, санал санаачилга нэмэгдэх, нам, улс төрийн нөлөөллөөс ангид байж, хотын үйл ажиллагааг зохицуулсан дүрмээ батлан хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.

Мөн оршин суугчдын амьдралын чанар сайжрах, өмч хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэх, тулгамдаж буй асуудлаа өөрсдөө шийдвэрлэх, хотоо удирдах, төлөвлөх, хянах, хотын удирдлага, оршин суугчид нэг л дүрэм журмын хүрээнд харилцах боломж нээгдэж байгаа юм.

Ийнхүү Налайх дүүрэгт Налайх хотыг байгуулах тухай шийдвэрийг НИТХ-аас гаргуулж чадсан нь иргэд та бидний нэгдмэл нэг зорилго, хамтын ажиллагааны бодит үр дүн билээ. Одоо бид бүхэнд шинэхэн хотоо өөрийн гэсэн өнгө төрхтэй, эрчимтэй хөгжсөн хот шиг хот болгон хөгжүлэхэд уйгагүй хичээл зүтгэл, нэгдмэл нэг зорилго хамгийн чухал гэдгийг иргэн бүр гүнээ ухамсарлан дор бүрнээ хичээн ажиллахаас шалтгаалах юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 4-р сарын 07, Мягмар гариг, 05:36