НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
Дүүргийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан боллоо

Дүүргийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан 4 сарын 08-ны боллоо. Хуралдаанд оролцох нийт 25 төлөөлөгчөөс 15 төлөөлөгч оролцсон бөгөөд ирсэнээр ирц 60 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар:

  1. Дүүргийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах
  2. Дүүргийн 2015 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх төсөл, арга хэмжээний жагсаалтыг батлах
  3. Дүүргийн газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөө батлах тухай
  4. Дүүргийн энгийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцэн тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

Дүүргийн 2015 оны төсвийн орлого, зарлагыг 16,453,057,100 төгрөг байхаар баталсан бөгөөд дүүргийн өөрийн төвлөрүүлэх орлогыг 959,860,000 төгрөг, тусламжийн орлогоор 15,400,542,000 төгрөг, оны эхний үлдэгдэл санхүүжилт 92,655,100 төгрөг байхаар тооцоод байгаа юм байна.

Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн 2015 оны санхүүжилтийг НИТХ-аас 1,902,189,600 төгрөг байхаар баталсан ч өмнөх оны үлдэгдэл санхүүжилт болох 576,023,787 төгрөгийг дээрх санхүүжилтаас олгох шийдвэрийг гаргасанаар энэ онд дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрнгөөр 1,326,165,813 төгрөгийн төсөвт өртөг бүхий дараах төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр боллоо. Үүнд:

  1. 1, 3, 4 дүгээр хороонд гэрэлтүүлэг хийх.
  2. Орон сууцны 50, 51, 54, 55, 71 дүгээр байрны гадна хананд дулаалга хийх.
  3. 5, 7 дугаар хорооны хүүхдийн тоглоомын талбайг сэргээх, засварлах, тоглоомыг нэмэгдүүлэх.
  4. 3 дугаар хорооны Дэнжийн автобусны зогсоолын талбайг бетондож, гэрэлтүүлэгтэй болгох.
  5. Дүүрэгт цаашид хийх төсөл, арга хэмжээний зураг, төсвийг боловсруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр тогтлоо.

Дашрамж нэг зүйлийг тайлбарлахад эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан 2014 оны улсын төсөв ихээхэн хэмжээгээр алдагдалтай байсныг та бүхэн мэдээллийн хэрэгслээр болон бусад эх сурвалжаас мэдээлэл авсан байх. Төсвийн энэ тасалдлаас шалтгаалан нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас 14 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөв буцаан татах шийдвэр гарсантай холбоотойгоор дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс дээрх 576,023,787 төгрөгийг буцаан татсан.

Дүүргийн хувьд өнгөрсөн жилд төлөвлөсөн 26 төсөл, арга хэмжээг бүрэн гүйцэтгэсэн тул ажил гүйцэтгэсэн иргэн, аж ахуй нэгжүүдэд 576,023,787 төгрөгийг олгох өр үүсээд байсныг энэ оны санхүүжилтээс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ юм.

Дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, энгийн хамгаалалттай бүсийг шинэчлэн тогтоох бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулж, төслийг танилцуулахыг дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт үүрэг болголоо.