НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн боллоо

Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхайн зөвлөлгөөн 4 дүгээр сарын 07-ны өдөр боллоо. Зөвлөгөөний үеэр ЗДТГ-ын хэлтсийн дарга нар цаг үеийн холбогдолтой мэдээлэл, цаашид анхаарах ажлуудыг танилцуулсан бөгөөд “Налайх барилга-2015” үзэсгэлэн 4 дүгээр сарын 10-ны өдрийн 10.00 цагаас дүүргийн Соёл, урлагийн ордны өмнөх талбайд болох юм байна. Үзэсгэлэнд оролцох сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ЗДТГ-ын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэст хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авах, Авто тээврийн оношлогоо 4 дүгээр сарын 01-ээс 21-ний хооронд хуучнаар Уул уурхайн аврах албаны хашаанд явагдаж байна зэрэг мэдээллийг хийж байсан бол төсвийн шууд захирагч нар санхүүгийн сахилгаа сайжруулах, гаргаж буй тушаал, шийдвэрийхээ холбогдох хууль, эрх зүйн үндэслэлийг сайтар судлаж байхыг анхааруулж байсан.

Дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд жилийн 9 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, төслийн зээл зарлагдсан ба зээл хүсэгчдийн төслийг 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хүлээн авах тухай тус төвийн дарга Д.Энхтуул мэдээлж байсан бол Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа С.Буянжаргал: дүүргийн 2015 оны 1 дүгээр улиралын гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хийсэн юм. Дүүрэгт энэ оны 1 дүгээр улиралын байдлаар 1343 гомдол, мэдээлэл, дуудлага ирсэнээс 321 нь гэмт хэргийн шинжтэй мэдээлэл байж, 140 гэмт хэрэг бүртгэгдэн шалгаж байна. Гэмт хэрэг, зөрчлийн үндсэн шалтгаан нь ахуйн хүрээний архидалт болж байгаагаас гадна сурагчид гэмт хэрэгт холбогдох, түүний хохирогч болох байдал нэмэгдэж байгаа тул холбогдох албан тушаалтнууд анхаарч ажиллах шаардлагатай байгаа тухай мэдээлэл хийлээ.

4 сарын 4, 5-ны өдрүүдэд нойтон цас их хэмжээгээр орсоны улмаас Хоолт, Хөндлөн, Тэрэлжийн даваа хаагдсаныг нээж, зүүн аймаг чиглэлийн түр хугацаагаар хааж зорчигчдыг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлсэн тухай Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Ганзоригт, уурхайн үйл ажиллагааг зогсоох ажлыг 3 сарын 16-аас эхлүүлсэн бөгөөд одоогоор 30-аад уурхай ажиллаж байна. Эдгээр уурхайнуудад хаах тухай албан шаардлагыг хүгүүлсэн тухай ОБЕГ-ын Аврах тусгай ангийн харъяа Уул уурхайн аврах тусгай салбарын инженер Цэнгэлмаа тус тус мэдээлэл хийлээ.

Шуурхай зөвлөлгөөний төгсгөлд ЗДТГ-ын дарга О.Манарбек удирдах ажилтнуудад хандан дараах үүрэг, чиглэлийг өглөө.

  1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/241 дүгээр захирамжийн хэрэгжилтийг холбогдох байгууллагууд ханган дараагийн шуурхай зөвлөгөөний үеэр хийсэн ажлаа нэгтгэн мэдээлэл хийх. /ӨГХА, Налайхын дулааны станц ТӨХК, Чандмань Налайх ОНӨААТҮГ, УБЦТС ХК-ийн Налайх Түлээх төв, бусад шаардлагатай байгууллагууд/
  2. Уурхайн үйл ажиллагааг 04 дүгээр сарын 15-ны дотор бүрэн зогсоох. /ТХҮХ, УУАТС, ОБХ, Цагдаагийн хэлтэс/
  3. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний байгууллагуудын гаднах хаяг, зар сурталчилгааны самбарын өнгө үзэмжийг  сайжруулж нэгдсэн стандартад оруулах ажлыг зохион байгуулах. /ТХҮХ, Аж ахуйн нэгж, байгууллагууд/
  4. Аялал жуучлалын улирал эхлэж байгаатай холбогдуулан жуулчдад зориулсан мэдээллийн самбаруудыг шинээр бий болгох талаар холбогдох аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх. Жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр гэмт хэрэг, халдлагаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион явуулах. /ТХҮХ, Цагдаагийн хэлтэс, Холбогдох байгуллагууд/
  5. 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Худалдан авах үйл ажиллагаа, төсвийн худалдан авах ажиллагааны чиглэлээр зохион байгуулагдах үзэсгэлэнд оролцох. /ЗДТГ, ХААА/
  6. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн ЭЕШ-ийн бэлтгэлийг эрчимжүүлэх, МСҮТ-ийн төгсөгчдийн эрдмийн баяр, төгсөлтийн үеэр нийгмийн дэг журам сахиулах ажлыг зохион байгуулах. /Боловсролын хэлтэс, ЕБС-иуд, МСҮТ/
  7. Шар усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн далан сувагийг цэвэрлэх арга хэмжээг яаралтай авах. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/248 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллах. /ТХҮХ, ОБХ/
    1. Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах. /ОБХ/
    2. “Улаанбаатар Марафон”-2015 Олон улсын гүйлтийн тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялах тул удирдамжид заагдсан үйл ажиллагааг холбогдох байгууллагууд идэвхтэй зохион байгуулах. /НХХ, БТСХ/