НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ж.АЛТАНГЭРЭЛ
Жамбалын Алтангэрэл нь 1968 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн. Ам бүл дөрвүүл. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.
Ж.Алтангэрэл 1976-1986 онд Налайх дүүргийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Үндэсний Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг гадаад албаны ажилтан, 1996-1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1997-1999 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн. Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт, эрх зүйч мэргэжилтэй.
2001-2003 онд ОХУ-ын Дипломатын академид Олон Улсын худалдааны шинжээч мэргэжлээр мэргэжил дээшлүүлсэн.
Ж.Алтангэрэл нь 1987-1989 онд Ардын армид (хуучин нэрээр) хугацаат цэргийн албан хаагч, 1989-1991 Налайхын Худалдаа бэлтгэлийн удирдах газарт туслах ажилтан, 1995-2003 онд “Сээкл” ХХК-ийн дэд захирал, гадаад харилцаа хариуцсан захирал, 2003-2006 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны Замын-Үүд боомт дахь салбарт мэргэжилтэн, 2007-2010 онд тус албаны Өмнөговь дахь салбарт салбарын дарга, 2010-2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын ахлах мэргэжилтэн, 2012-2016 оны 11 дүгээр сар хүртэл “Кашдер” ХХК-ийн “Энканто” төслийн захирлаар ажиллаж байсан. 2016 оны 11 дүгээр сараас Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албыг гүйцэтгэн ажиллаж байна.
Тамгын газрын даргын чиг үүрэг
- Тамгын газрын удирдлага нь Тамгын газрын дарга байна. Тамгын газрын даргыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт заасны дагуу дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлнө.
- Тамгын газрын дарга нь үйл ажиллагаандаа хууль тогтоомж, дээд газрын тогтоол шийдвэр, Засаг даргын захирамж, шийдвэр, үүрэг даалгаврыг удирдлага болгоно.
- Тамгын газрын дарга нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргаж, хэрэгжилтийг хангуулна.
Тамгын газрын дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
- Тамгын газрын өдөр тутмын ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж, шуурхай удирдах;
- Тамгын газрын батлагдсан төсвийг хууль тогтоомжид заасны дагуу захиран зарцуулах;
- Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журам, холбогдох дүрэм, журмыг баталж мөрдүүлэх;
- батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд хууль, журмын дагуу албан хаагчдыг томилох, чөлөөлөх, урамшуулах, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэх, цуцлах, дуусгавар болгох;
- Тамгын газрын тухайн жилийн болон хэлтсийн дарга нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөг хянах, батлах, төрийн үйлчилгээний албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах;
- хариуцсан чиг үүрэгт хамаарах асуудлаар холбогдох удирдах албан тушаалтныг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах, санал гаргах, шийдвэрлүүлэх;
- сахилга, дэг журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, албан хаагчдын ажлын цаг ашиглалт, эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хамгаалалтад хяналт тавьж, зөрчил, дутагдлыг арилгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;
- албан хаагчдын нийгмийн асуудлыг хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмын дагуу шийдвэрлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах;
- Тамгын газрын үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын байрны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулах, боловсронгуй болгох арга хэмжээ авах;
- хариуцсан чиг үүрэгт хамаарах асуудлаар холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм стандартад санал өгөх, дүрэм, журам, норм, үндэсний болон хотын стандартын төсөл боловсруулах, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, норм стандартыг мөрдүүлэх;
- Тамгын газрыг төлөөлөн гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, иргэний төлөөлөлтэй хууль тогтоомжийн хүрээнд хамтарч ажиллах;
- холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гэрээ хэлцэл байгуулах;
- хууль тогтоомж, дүүргийн Засаг даргын шийдвэр, энэ дүрмээр олгосон бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;