НАЛАЙХ ДҮҮРГИЙН БЭЛГЭДЭЛ

                                      

Дүүргийн бэлгэдэл нь алтан шар хүрээтэй хөх өнгийн дэвсгэр бүхий бамбайн хоёр хажуу талд “Налайх дүүрэг” гэж алтан манжлага чимэгтэй дөрвөлжин монгол бичгээр багана, доод хэсэгт нь крилл үсгээр суурь болгож бичээд, цэлмэг тэнгэрийн өнгөтэй тольтын төвд Налайхын хоймор-Майхан уулаа чандмалан байрлуулж, Туул голыг усан хээгээр, цэлгэр тал хөндийг ногоон өнгөөр, хэвлийдээ “хар алт”-аа өнө мөнх, үеийн үед хадгалж байхын бэлгэдэл болгож талст бүхий судлаар төлөөлүүлж, магнайн хэсэгт нар, сар, дөлийг байрлуулсан нь Налайх дүүрэг өнгөрсөн-одоо-ирээдүй гурван үеийн хэлхээсээр өргөжин тэлж, суу алдар нь мандан бадарч, мөнх оршихын утга санааг агуулна.

 

Дүүргийн сүлд дуу

"НАРНЫ ГЭРЭЛТЭЙ НАЛАЙХ"

Үг: Агваанчойдог, А.Тулга
Ая: .А.Эринхүү

Залуу насаараа босгосон
Амьдрал буцалсан талбар дээрээ
Намтар түүхээ баяжуулсан
Налайх хот минь гэрэлтэж байна аа хө

Дахилт:

Уултай эгнэсэн үйлстэй
Ууган баатарын өлгий нутаг аа хө
Үндэстэн ястны эвийн хэлхээтэй
Үлэмжийн сайхан Налайх нутаг аа хө

Энхрий үрсдээ заяасан
Эцэг өвгөдийн буурин дээрээ
Ажил үйлсээ дээдэлсэн
Бидний хот минь цэцэглэж байнаа хө

Дахилт:

Уултай эгнэсэн үйлстэй
Ууган баатрын өлгий нутаг аа хө
Үндэстэн ястны эвийн хэлхээтэй
Үлэмжийн сайхан Налайх нутаг аа хө

Буян заяагаа хайрласан
Буурал  түүхтэй нутагтаа
Дуулга нь гэрэлтэх уурхайчдын
Дуурсгалт хот нь хөгжиж байнаа хө

Дахилт:

Санахын сэтгэлд дотнохон
Сайхан нутгаа бид дуулна
Насаараа амьдрах жаргалтай
Нарны гэрэлтэй Налайх хот оо