Налайх дүүрэг

НЯГТЛАН БОДОГЧИД НОМЫН ДУУ СОНСОЖ БАЙНА

Дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Дотоод аудитын албанаас хамтран төсөвт байгууллагын удирдлага, нягтлан бодогч нарт мэргэжил аргазүйн зөвлөгөөгөөр хангах сургалт зохион байгуулж байна.

Сургалтын арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ: "Төсвийн мөнгөний бодлого, зарцуулалт, хяналт маш чанга байх ёстой. Тийм ч учраас энэ сургалтыг та нартаа жил тутам зохион байгуулж хэвшсэн. Энэ жилийн хувьд ялангуяа ковид-19 халдвараас улбаалан хаа хаанаа бүсээ чангалж, хариуцлагатай байх шаардлага тулгарч байна. Нэг ширхэг харандааг хүртэл төрийн өмч гэж үзэж, бүртгэж хяналтаа сайн тавиарай гэж захимаар байна. Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, өмчийн үр ашгийг дээшлүүлэн, дотоод хяналт шалгалтаа сайжруулж ажиллаасай гэж та бүхнээс хүсэж байна. Ийм үр дүнг ч шаардах болно" гэв.

Сургалтад дүүргийн төсвийн байгууллагууд, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлага, нягтлан бодогчид хамрагдаж байна.

Сургалтад Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Төрийн аудитын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар зэрэг холбогдох дээд шатны байгууллагын холбогдох мэргэжилтнүүд ирж анхан шатны баримт бүрдүүлэлт, бүртгэл хөтлөлт, өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, аудитын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, нийтлэг зөрчил, дотоод аудитын хяналтын тогтолцоо зэрэг сэдвээр хичээл орж, мэдээлэл хүргэж байна.

Хуваалцах: