Налайх дүүрэг

ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР: ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМ БУУРСАН Ч ЭРСДЭЛ ХАА Ч БАЙЖ БОЛЗОШГҮЙ УЧРААС АЙЛД ЗОЧЛОХ, ЗОЛГОЛТ ХИЙХ ЯВДАЛ ХЭРХЭВЧ БАЙЖ БОЛОХГҮЙ

Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 10 цагт цахимаар зохион байгуулагдлаа.

Шуурхай зөвлөгөөний эхэнд ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Одонтуяа өнгөрсөн 7 хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлт танилцуулсны дараа Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл хүргэлээ.

Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал мэдээлэлдээ: "Налайх дүүрэгт батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг шуурхай олж тогтоон үр дүнтэй ажилласны үр дүнд Налайх дүүрэгт өнөөдөрт халдварын голомт үүсээгүй гэдгийг батлан хэлье. Хөл хорионы дэглэм буурч байгаа хэдий ч байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтан албан хаагчдынхаа халуун хэмжих, агаар сэлгэлт тогтмол хийх, хүн хоорондын зай барих, хоолойгоо зайлах зэрэг хэвшмэл болсон халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахих нь зүйтэй" хэмээгээд зөвлөмж өглөө.

Мөн дүүргийн Засаг даргын үүрэг болгосны дагуу "Чандмань Налайх" ОНӨААТҮГ-ын дарга З.Болдбаатар байгууллага, аж ахуйн нэгжүүдийн цэвэр, бохир усны шугам сүлжээ, 2021 ондоо хийх шаардлагатай засварын засварын талаар танилцууллаа.

Дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар бүх нийтийн бэлэн байдал тогтоосон энэ хугацаанд "Нэг хаалга-нэг шинжилгээ" аяны зохион байгуулалт болон гудамж талбайд эргүүл хяналтаар хариуцлагатай ажилласан бүх төрийн албан хаагчдад талархаж байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрбээр цаашид хөл хорионы дэглэм буурч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжих үед иргэд золголт хийх, айл өрхүүдээр зочлох, олноороо цуглах, архидан согтуурах явдал хэрхэвч байж болохгүй гэдгийг мэргэжлийн байгууллагуудад хатуу анхааруулаад хяналтаа улам эрчимжүүлж ажиллахыг санууллаа.

Засаг дарга Ч.Раднаабазар бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудад:

-Коронавируст /Ковид-19/ цар тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Коронавируст /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг салбар бүрээр сайтар хангаж, хяналт тавьж ажиллах,

-Дүүргийн хэмжээнд халдвар хамгааллыг чанд мөрдүүлж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа дууссаны дараа шууд болон шууд бусаар харилцах байгууллагууд хэрхэн ажиллах журмыг тодорхой болгох, худалдааны захын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, халдвар хамгааллын горим, дэглэмийг мөрдүүлэх,

-Иргэдийн хөдөлгөөнийг хянах бүртгэлийг сайтар хөтөлж, үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажиллах,

-Иргэдийг вакцинжуулах ажлын бэлтгэлийг сайтар хангах,

-Дүүргийн хэмжээнд шар усны үер, булгийн болон хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах,

-Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай хог хаягдлын цэвэрлэгээ болон авто замын эвдэрч гэмтсэн тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах, сэргээх ажлыг зохион байгуулах,

-“Хүн ам, өрхийн мэдээллийн систем”-д “Нэг хаалга-нэг шинжилгээнд” хамрагдсан иргэд, өрхийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Хуваалцах: