Налайх дүүрэг
Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүүхдүүдийн 95-аас дээш хувь нь амны хөндийн өвчлөлтэй байна гэсэн тоо баримт байдаг.
Тэгвэл өсвөр үе, залуучуудад амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдэгдэхүүн олгох зорилгоор дүүргийн ЗДТГ-аас нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Эрүүл мэндийн төвтэй хамтран улсын хэмжээнд анх удаа дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 настай сурагчдын дунд “Шүд угаалтын аварга шалгаруулах” анхдугаар тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 119 дүгээр сургуулийн урлагийн зааланд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
“Шүд угаалтын аварга шалгаруулах” анхдугаар тэмцээний хүрээнд Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн эмч нарын баг дүүргийн 109, 119, 103, Голомт, Эрдмийн оргил цогцолбор сургууль, Албан бус насан туршийн боловсролын төв, Чандмань Эрдэнэ, Хос уянга зэрэг нийт 8 сургуулийн 9-12 настай 200 гаруй сурагчдад “Шүд, амны хөндийн арчилгаа” сэдвээр сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн амны хөндийн эрүүл ахуйч Б.Эрдэнэсайхан, их эмч Н.Халиун нар дүүрэгт байрлан тэмцээнд оролцох хүүхдүүдэд давтан сургалт, зөвлөгөө өгч, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.
