Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЦАХИМ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 04 дүгээр сарын 05-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.

Өмнөх шуурхайд өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хяналт тавьж хариуцсан Засаг даргын орлогч Н.Мандуул, С.Тунгалаг, СТСХ-ийн дарга Г.Бат-Очир нар танилцууллаа.

Мөн дүүргийн Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналт, Онцгой, Цагдаагийн хэлтсээс цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулсан юм.

Шуурхай штабын дарга Х.Анхбаяр танилцуулгадаа: "Налайх дүүрэгт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 15 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Ингэснээр дүүрэгт бүртгэгдсэн халдварын нийт тоо 138 боллоо.

04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар гэрийн эмчилгээнд-18 хүн эмчлүүлж байгаа бол, ойрын болон дам хавьтлын 278 иргэнийг гэрийн ажиглалтаар хянаж байна.

Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу нийтдээ гурван байршилд хамгаалалт гарган, мэргэжлийн байгууллагууд хянаж байна. Хороод болон мэргэжлийн байгууллагын өгсөн мэдээллээр гэрийн ажиглалтад байгаа иргэд дэглэмээ зөрчин гадуур гарах, айл хэсэх зэрэг үйлдэл гаргаж байна" гэв.

Мэргэжлийн байгууллагуудын өгсөн мэдээллийн дараагаар дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар онцгой нөхцөл байдлын үед ажил хариуцсан албан хаагч нарыг хариуцлагатай, хамтын ажиллагаатай, уялдаа холбоотой байх нь чухал гэдгийг онцлоод гэрийн ажиглалт, хамгаалалтад авсан байршлуудад төрийн албан хаагчдыг хуваарь гарган хяналт тавиулж ажиллах нь чухал гэдгийг санууллаа.

Мөн дүүргийн хэмжээнд голомт бүхий объект байршилд халдваргүйжүүлэлтийн ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж ажиллах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа барилгын болон бусад чиглэлээр ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулах зэргээр цаг үеийн асуудал болон ковид халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өглөө.

 

 

Хуваалцах: