Коронавируст халдварын тоо өдөр бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Налайх ЭМТ нь хүүхдийн эмнэлгээ "Ковид-19"-ыг эмчлэн тусгаарлах байр болгож, энэ сарын 14-ний өдөр эхний 40 хүнийг хэвтүүлэн эмчилж эхэлсэн.
Эмчлэн тусгаарлах байранд 5 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй 1-р ээлжийн эмчилгээний баг 10 хоногийн хугацаанд ажилласан бөгөөд өнөөдөр /2021-04-23/ эхний 6 хүнээ эмчлэн эрүүлжүүлж, гэрийн тусгаарлалтад, өрхийн эмчийн хяналтад шилжүүллээ.
1-р ээлжийн эмчилгээний багт Халдвартын их эмч П.Уртнасангаар ахлуулсан, халдвартын тасгийн ахлах сувилагч П.Энх-Од, халдвартын сувилагч Ц.Цэвэлмаа, туслах сувилагч Б.Жайнагүль, асрагч Д.Даваацэцэг нар ажиллалаа. Тэд эмчлэн тусгаарлах байранд 10 хоног ажиллаж, үргэлжлүүлэн 14 хоногийн тусгаарлалт руу шилжиж байна. Бүтэн сар орчим хугацаанд өөрийн гэр бүлээс хол байж, бие сэтгэл нь өвдсөн хэн бүхний төлөө нойр хоолыг умартан, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө дайчлан өдөр шөнөгүй ажиллаж бүхий л хүнд хэцүү цагт өөрийгөө умартан эмчлүүлэгчиддээ амь, амьдрал бэлэглэсэн эмч, сувилагч, асрагч нараараа бахархан алдаршуулж байна.
Энэ нь "Ковид-19" халдварыг дүүргийн эмнэлгийн онцлогт тохируулан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн эмчилж буй хоёр дахь удаагийн тохиолдол билээ. Халдварыг дүүрэгтээ эмчилж эхэлснээр УБ руу чиглэх хөдөлгөөн тэр дундаа ХӨСҮТ-ийн ачааллыг бууруулахад өндөр ач холбогдолтой юм.
Хэн ч халдварын тээгч байж болох энэ цаг үед эв нэгдэлтэй байж, энэ аюулт өвчнийг хамтын хүчээр ялан дийлэх эерэг энергийг түгээцгээе.