Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 10 цагт цахимаар зохион байгуулагдлаа.
Өмнөх шуурхайд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ТЗУХ-ийн дарга М.Баттулга танилцуулсан бөгөөд Шуурхай штаб, Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагууд цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл танилцууллаа.
Дүүргийн Шуурхай штабын дарга Х.Анхбаяр гамшгаас хамгаалах Бүх нийтийн нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгасантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын Захирамж болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар бүх нийтийн бэлэн байдлын зэрэг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УОК, НОК, дүүргээс гаргасан захирамж шийдвэрийн хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллахыг сануулаад хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн юм.
Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж талбай, байгууллагын өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйтгэлийг сайтар хийх,
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/251 дүгээр захирамжийн хүрээнд нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хаалт, төмөр шонгуудыг чөлөөлөх ажлыг хөл хорионы хугацаанд хэрэгжүүлэн ажиллах,
"Ковид-19" цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийн дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах зэрэг цаг үеийн асуудлаар хугацаатай үүрэг даалгавар өглөө.