Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Налайх дүүрэг дэх магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь уул уурхай, геологи, эрчим хүч, авто зам гүүр болон иргэний барилга, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн ажилтан бэлтгэдэг ууган сургуулиудын нэг юм.
Өнөөдөр тус сургуульд ХНХЯ-ны “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 7,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Авто зам, гүүрийн мэргэжлийн чадамжийн төв" шинээр байгуулагдан өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Шадар сайд, С.Амарсайхан, Зам тээврийн яамны Сайд Л.Халтар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Сайд А.Ариунзаяа, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй албаны зочид төлөөлөгчид болон сургуулийн удирдлага, хамт олон оролцлоо.
Төслийн хүрээнд:
2 давхар дадлагын байр,
Хүнд машин механизмыг байрлуулах авто граж,
Хүнд машин механизмын дадлагын талбайг барьж байгуулжээ.
Ингэснээр авто замын үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн төв бүхий сургууль болон өргөжиж, шинээр гурван мэргэжил нээх боломжтой болж байна.
Барилгын ажлыг “Нутгийн буян” групп гүйцэтгэсэн байна.
Мөн төслийн хүрээнд бульдозер, эксковатор, дугуйт ачигч, сэрээт ачигч, автогрейдер, индүү, кран, асфальт дэвсэгч, бетон тэгшлэгч зэрэг машин механизмууд нийлүүлэгдэх юм.
Ингэснээр Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь нэг ээлжиндээ 1000 суралцагч хүлээн авах хүчин чадал бүхий, орчин үеийн шинэлэг технологийг нэвтрүүлсэн иж бүрэн онол, дадлагын газар, техник хэрэгслээр бүрэн хангагдсан 5 хичээлийн байр, дотуур байртай сургалтын орчинг бий болгоод байна.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР