Налайх дүүрэг

ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАА ГАРЫН АВЛАГААР ХАНГАЛАА

Дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн суралцагчдын хичээл сургалтын үйл ажиллагаатай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Н.Мандуул, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал нар танилцаж, ЭЕШ-д бэлтгэж байгаа сурагчдад хэрэгцээтэй гарын авлагыг гардуулан өглөө.

Энэ жил 338 сурагч ЕБС-ийн 12 дугаар ангиа төгсөнө. Эдгээрээс 312 нь Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхөөр бүртгүүлсэн байна. Ковид цар тахлын улмаас хичээл сургалтын 60 хувийг цахимаар авсан амаргүй цаг үе, хичээлийн жил ард хоцорч байна. Элсэлтийн ерөнхий шалгалт дөхсөн энэ цаг үед төгсөх ангийн хүүхдүүдээ ээлжинд оруулан хуваарьт сонгоны давтлагуудыг танхимаар оруулж эхэлсэн.

Дүүргийн удирдлагууд 109, 119, Эрдмийн оргил, Голомт, 103 дугаар сургуулиар орж танхимын хичээл сургалт, төгсөх ангийн сурагчдын давтлагын үйл явцтай танилцлаа. Мөн төгсөх ангийн сурагчиддаа дэмжлэг үзүүлж 2020 оны ЭЕШ-ын тестийг хураангуйлан бэлтгэсэн ном, гарын авлагыг хүлээлгэн өгч амжилт хүслээ.

Мөн сургуулийн удирдлага, багш нарт халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг санууллаа.

Энэ жил төгсөх ангийн сурагчид маань элсэлтийн ерөнхий шалгалтыг дүүрэгтээ, тодруулбал 119 дүгээр сургуульд өгөх боломжтой болсон.

Амьдралын нэгэн шинэ алхамаа хийж гэж байгаа төгсөх ангийн дүү нартаа элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч хүссэн, зорьсон мэргэжлээ сонгон суралцахыг хүсье.

 

Хуваалцах: