Налайх дүүрэг

ЗҮҮН БҮСИЙН ПОСТЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАЛАА

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутагтай хил залгаа байрлах дүүргүүдийн хилийн цэсийн асуудлаар Ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн гишүүд өнөөдөр дүүрэгт ажиллаж, зүүн бүсийн чиглэлд хяналт тавих авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоог нүүлгэн шилжүүлэх байршлуудтай газар дээр нь танилцлаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зам тээврийн яам, НИТХ, нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба зэрэг холбогдох чиг үүргийн мэргэжлийн байгууллагуудаас төлөөлөл багтсан байна.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ үеэр танилцуулахдаа: "Налайх дүүрэг маань нийслэлийн бамбай болж ажилладаг нь үнэн. Урд болон зүүн чиглэлийн орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавьдаг. Ковидын энэ цаг үед л гэхэд 2 пост гаргаж өдөр шөнөгүй 24 цагаар манай албан хаагчид 2 жил шахам ажиллаж байна. Мөн хулгайн замуудад хяналт тавьдаг. Үүнээс гадна зөвхөн дүүрэг гэлтгүй Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн гэхлэн хил залгаа бүс нутгуудад өргөн хүрээг хамарсан гамшиг ослын дуудлагад манай албан хаагчид л явдаг гэхчлэн асуудал бэрхшээл бий. Тиймээс байнгын постыг дүүргийн хилийн цэс орчимд байршуулах хүсэлтэй байна. Дүүргийн иргэд, оршин суугчид байнга постоор зорчихгүйгээр постны дотор байж, орон нутгийн хяналтууддаа илүү анхаарах нь зүйтэй" гэв.

Ажлын хэсэг дахин хуралдаж, шийдвэрийг гаргах юм.

 

Хуваалцах: