Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид гамшиг ослын дуудлагаар ажиллаж, Төв аймгийн Эрдэнэсум “Хүннү тур” амралтын баазын ард талын голд 4 иргэн автомашинтай усанд живж байсныг гаргаж амь насыг нь аварсан байна.
Бороо хур ихтэй байгаагаас үүдэн гол усны төвшин эрс нэмэгдэж байгаа тул иргэд та бүхнийг үер усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
ҮЕР УСНЫ АЮУЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
Үерийн аюултай бүс нутгаас нүүх
Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх