Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.08.30/ 10 цагт цахимаар зохион байгуулагдлаа.

Шуурхай зөвлөгөөнд дүүргийн 60 гаруй байгууллага, хэлтэс, тасаг нэгжийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Өмнөх шуурхайд өгсөн үүрэг даалгаврын биелэлт 83 хувьтай хэрэгжсэн гэдгийг ТЗУХ-ийн дарга М.Баттулга танилцууллаа.

Дараагаар нь Шуурхай штабын дарга А.Туяабаатар халдварын нөхцөл байдлын 7 хоногийн мэдээллийг танилцуулсан юм.

Өнгөрсөн 7 хоногт нийтдээ 245 халдварын тохиолдол нэмж бүртгэгджээ.

Дүүргийн нийт хүн амын 10,9 хувь өвчилсөн бол өвчилсөн хүмүүсийн 92,5 хувь нь эдгэрсэн байна.

Мөн тэрбээр танилцуулгадаа сүүлийн үед хүүхдүүд ихээр өвчлөлд өртөж байгаа учраас эцэг эх, байгууллага, багш ажилчид хамтарч үр дүнтэй ажиллах нь чухал гэдгийг онцоллоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар: "Хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхдээ аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байх, сургуулийн удирдлагууд сурагчиддаа цахимаар зөвлөмж, мэдээлэл хүргэх нь зүйтэй" хэмээгээд хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

Үүнд:

-Коронавируст халдварын цар тахлын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг нэмэгдүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах,

-Эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх,

-Нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, техникийн аюулгүй байдалд хяналт тавих,

-Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоог сайжруулах, харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид ажиллаж буй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нарын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутмын уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо.

 

Хуваалцах: