Хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар хичээллэж эхлэхтэй холбогдуулан өнөөдөр сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай "Хариуцлагын гэрээ" үзэглэх арга хэмжээ боллоо.
Хариуцлагын гэрээг нэг талаас дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, нөгөө талаас Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал болон сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нар байгууллаа.
Тус гэрээгээр энэ хичээлийн жилд сургуулийн орчинд эрүүл аюулгүй байдлыг сахиулж багш нар, хүүхэд багачуудаа цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэг хариуцлагын талаар тусгажээ.
Дашрамд мэдээлэхэд 2021-2022 оны хичээлийн жилд төрийн болон хувийн хэвшлийн 24 сургууль, цэцэрлэгт 10300 орчим хүүхэд багачууд суралцах юм.
Ерөнхий боловсролын сургуулийн 277 бүлэгт 8676 хүүхэд суралцах бол, 864 хүүхэд энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцах юм.
СӨБ-ын хувьд төрийн өмчийн 10 цэцэрлэг, төрийн бус өмчийн 5 цэцэрлэгийн 71 бүлэгт 1679 хүүхэд суралцах гэж байна.
Цар тахлын амаргүй цаг үед танхимын хичээл сургалтын үйл ажиллагаанд бүх талын оролцоо дэмжлэг чухал юм.
Иймд эцэг эхчүүд та бүхнийг багш нартайгаа хамтран ажиллахыг уриалж байна.