Налайх дүүрэг

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН АШИГТ МАЛТМАЛ ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИАР ЗОЧИЛЛОО

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын төлөөлөл өнөөдөр /09.01/ лаборатори 119 дүгээр сургууль ажилласны дараагаар Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулиар зочиллоо.

Тус сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаа цахимаар эхэлсэн бөгөөд 10 сарын эхээр танхимын хэлбэрт шилжихээр төлөвлөжээ.

Албаны зочид тус сургуулийн лабароторийн өрөө танхимаар орж танилцахын зэрэгцээ сургуулийн оюутнуудтай цахимаар уулзаж санал бодлыг нь сонсов.

Энэхүү сургууль нь хоёр улсын Засгийн газрын санаачилгаар 2013 онд байгуулагдсан. Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлийн загвар сургууль болох зорилготой юм.

Их сургуульд 270 орчим оюутан суралцаж байна. Англи хэлээр хичээлүүд нь ордог ажээ. Тиймээс энэ сургуулийн оюутнууд мэргэжлээсээ гадна хэлний сайн мэдлэгтэй болж төгсөнө.

ХБНГУ-ын Их сургуулиудад оюутан солилцоогоор дадлагажих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Мөн “Оюутолгой ХХК”, Эрдэнэт ТӨҮГ, “Ачит Ихт “ ХХК зэрэг уул уурхайн томоохон компаниудтай хамтран судалгааны чиглэлээр ажиллаж эхэлсэн гэнэ.

Тухайлбал, “Ачит Ихт” компанитай хамтран зэс болон байгалийн ховор металлийн баяжмалын туршилтыг хийхээр судалж эхэлснээ танилцуулав.

Одоогийн байдлаар “GLEAR” буюу утаагүй зуухны, усны нөөцийн нэгдсэн менежмент зэрэг үр ашигтай 10 гаруй төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Дашрамд мэдээлэхэд, тус сургуульд оюутны дотуур байрыг барих ажил хийгдэж байгаа бөгөөд 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Хуваалцах: