Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн /01.11/ боллоо. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар удирдан явуулж, дарааллын дагуу Шуурхай штаб, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төвөөс цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
Шуурхай штаб болон Эрүүл мэндийн төвөөс халдварын тохиолдол эрс нэмэгдэж өнгөрсөн 7 хоногт нийт 191 тохиолдол батлагдсан нь өмнөх 7 хоногоос 128 тохиолдлоор огцом өссөн үзүүлэлт гарч байгааг анхаарууллаа.
Дүүргийн хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн дархлаажуулалтын III тунгийн хамрагдалт 50 гаруй хувьтай байна. Энэ сарын 07-ны өдрөөс эхлэн иргэдийг дархлаажуулалтын IV тунд хамруулах ажил үргэлжилж байна.
Шуурхайн төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар дараах үүрэг даалгавар өглөө. Үүнд:
Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг сайтар хангаж, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмжөө бэлэн байлгаж ажиллах.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан төр, хувийн хэвшлийн байгууллагуудын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн үед авах арга хэмжээний тухай түр зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах.
Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллах.
Албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, албан хаагчдаа сургалтад үе шаттайгаар хамруулж, мэргэшүүлэх чиглэлд анхаарч ажиллах.
Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах.