Налайх дүүрэг

ДҮҮРЭГТ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ НЭВТРҮҮЛЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН УДИРДАХ АЖИЛТНУУДАД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 223 дугаар тогтоолоор Налайх дүүрэг агаарын чанарыг сайжруулах бүсэд багтсантай холбогдуулан дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшийг борлуулах 30 цэг байгуулагдсан бөгөөд “Тавантолгой түлш” ХХК-ийн “Налайх хэрэглэгчдэд үйлчлэх алба”-аар дамжуулан нийт 4573 өрхөд сайжруулсан шахмал түлшний сайн картыг олгоод байна. Түүнчлэн дүүрэгт сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд анх нэвтрүүлж байгаатай холбогдуулан төрийн албан хаагчид айл, өрхүүдээр явж зөвлөгөө, мэдээлэл хүргэх юм. Тус ажлын хүрээнд дүүргийн удирдах ажилтнуудын 24 дэх удаагийн шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Тавантолгой түлш” ХХК-ийн компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал нар сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, зуухны битүүмжлэлийг шалгах, угаарын хийн хордлогоос урьчилан сэргийлэх заавар зөвлөгөөг иргэдэд хэрхэн хүргэх талаар удирдах ажилтнуудад мэдээлэл өгч ажиллалаа. Цаашлаад удирдах ажилтнууд тус мэдээллийг албан хаагчиддаа хүргэж ажиллах юм.

Хуваалцах: