Налайх дүүргийн Засаг даргын 2022 оны А/254 дүгээр захирамжаар “Гэмт хэрэг, зөрчилгүй байгууллага, хороо” шалгаруулах 2 сарын болзолт аяныг өнөөдрөөс буюу 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх 2 сарын хугацаанд дүүргийн хэмжээнд эхлүүллээ.
Аяны зорилго нь дүүргийн хэмжээнд үйлдэгдэн гарч буй гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд аж ахуйн нэгж, байгуулллагуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, байгууллагууд дотооддоо болон үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан нөхцлийг арилгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн бодлого шийдвэр, холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, “Аюулгүй Налайх” арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явц, үр дүнг сайжруулах зорилготой.
Аянд дүүргийн төрийн болон орон нутгийн өмчит 46 байгууллага, 8 хороо оролцох бөгөөд удирдамжид заагдсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, тайлагнаж, хийсэн ажлаа дүгнүүлэх юм.
Тус аяны нээлтийн арга хэмжээ 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж, аяныг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгээс аяны удирдамж, болзлыг аянд оролцогч байгууллага, хороодын удирдлагуудад танилцууллаа.
Тус аянд оролцогчдод Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын Ахлах прокурор М.Батхишиг “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын тухай ойлголт”-ын талаарх мэдээлэл, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Урьчдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, хошууч Н.Гулбану “Аюулгүй Налайх” хөтөлбөр, дүүргийн гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээлэл”-ийг тус тус танилцуулж, зөвлөмж чиглэл өглөө.