Налайх дүүрэг

НАЛАЙХЫН ИХ УУРХАЙН 100 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН ҮЕ ҮЕИЙН АХМАДУУД, АХМАД УУРХАЙЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Одоогоос 100 гаруй жилийн өмнө Налайхын чулуун нүүрсний уурхайгаас нүүрсийг гар аргаар олборлож Богд хааны ордон, цэргийн хүрээнд түлшинд хэрэглэж байсан талаар түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Улсын нийслэл Улаанбаатар хотыг 70 гаруй жил илч дулаанаар хангаж ирсэн Налайхын чулуун нүүрсний уурхайг 1922 онд улсын мэдэлд авснаар орчин цагийн уул уурхай үүсэж хөгжсөн түүхтэй. Эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө хөдөлмөрлөж түүхийн 100 жилийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд, ахмад уурхайчдаа хүндэтгэн хүлээн авах "Эргэн дурсахуй" арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдлаа. Их уурхайгаа эргэн дурсаж буй энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Уул Уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж. Ганбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир болон Налайх дүүргийн улирдлагууд оролцож үе үеийн ахмад уурхайчиддаа халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

МУ-ын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан хэлсэн үгэндээ: Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаандаа дэвшүүлсэн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж, ахмад настнуудын эрхийг баталгаажуулж, хөгжлийг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогын олон арга хэмжээ хэрэгжүүлснийг та бүхэн мэдэх билээ.

Тухайлбал, Ахмад настны өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх, зөрүүг арилгах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Ахмад настнуудад чиглэсэн тухайлсан хөтөлбөрийг боловсруулан хэрэгжилтийг хангах зэрэг ахмад настны холбогдолтой олон хууль тогтоомжийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна.

Цаашдаа бид иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих, нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг ахмад настнуудад чиглэсэн зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж эхлээд байна.

Дэлхийн олон улс орнуудын хүн амын адил Монгол хүн эрүүл, чанартай урт насалдаг байх ёстой. Үүний тулд насжилтаас үүдэн гарах сорилтуудыг даван туулахад чиглэсэн бодлого үйл ажиллагаатай уялдуулан урт хугацаанд тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэх тогтолцоог бүрдүүлэх, Ахмадын хөгжлийн төвүүдийг байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого зорилтуудыг хэрэгжүүлж ажиллана.

Төр засгаас гаргасан дээрх бодлого хөтөлбөрүүдийг орон нутагт хэрэгжүүлэх ажил ч мөн эрчимтэй явагдаж байгаа гэж хардаг.

Энэ тал дээр азай буурлууд Та бүхэн маань үнэтэй санал зөвлөгөө, шүүмжээ ний нуугүй хэлж байгаарай гэж хүсэх байна гэсэн юм. Ахмадууддаа урт насалж, удаан жаргахын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Хуваалцах: