Налайх дүүрэг

ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАН "1000 ЦЭЦЭГСИЙН ЧУУЛГАН” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг “Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан байдаг. Өнөөдөр "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр" тохиож байгаатай холбогдуулан охид, бүсгүйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хамтдаа шийдвэрлэх, цахим халдлагаас хамгаалах, цахим халдлагын хор уршгийн талаар хууль эрх зүйн мэдлэг мэдээллээр хангах, нөлөөллийн арга хэмжээгээр дамжуулан тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх, охидын эрхийг дээдлэн хэрэгжүүлэхийг олон нийтэд уриалах зорилгоор "1000 цэцэгсийн чуулган" арга хэмжээг дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа. Арга хэмжээг Дэлхийн Монгол Угсаатан Эх Үрсийн Нийгэмлэг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, TX production, Тэнгэр медиа групп хамтран зохион байгуулсан бөгөөд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчид, Нарны охид клубын нийт 300 гаруй охид оролцож, дуу хоолойгоо хүргэлээ. Түүнчлэн Хүний эрхийн хуульч Р.Булгамаа "Охидын эрх ба цахим халдлага", Охидын түүх ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан "Охидын эрх Монголд, Нарны охид төслийн санаачлагч Ж.Нямаа "Өсвөр насны охидын зүрх сэтгэлийн боловсрол" сэдвээр тус тус мэдээлэл хүргэж, "TX production"-ны авьяаслаг охид олон сонирхолтой урлагийн тоглолтыг үзүүллээ. Арга хэмжээний төгсгөлд охидын өмнө тулгамдаж байгаа асуудлыг хамтдаа тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг олох, охидын дуу хоолойг нийгэмд хүргэх зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, санал дүгнэлт гаргалаа. Охид бүрийн зүрхэнд хайр гийж, нүүрэнд нь инээмсэглэл тодрох болтугай.

Хуваалцах: