Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “G9198/9221-МОН: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2019 оноос амжилттай хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд төслийн зорилтот 5-н газар буюу Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймаг, Налайх, Сонгинохайрхан дүүрэгт гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах жишиг байр байгуулахаар төлөвлөсөн.
Өнөөдөр Налайх дүүрэгт байгуулсан 14 ортой түр хамгаалах байрыг хүлээлгэн өгөв. Энэхүү арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд П.Солонгоо, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Төслийн захирал Л.Хосбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Баярмаа, төслийн зохицуулагч Г.Пүрэвсүрэн, дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Засаг дарга Ч.Раднаабазар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр, Цагдаагийн хэлтсийн дэд дарга бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Э.Батмөнх, төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцов.
Төслийн 161.5 сая төгрөгийн санхүүжилтээр өргөтгөл, засвар, иж бүрэн тохижилтыг хийж, орон нутагт хүлээлгэн өгч байгаа бөгөөд цаашид энэхүү Түр хамгаалах байрны үйл ажиллагаа, урсгал зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, тогтвортой байдлыг хангаж ажиллана.