Өнөөдөр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкитай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Уг гэрээг байгуулах ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Налайх ЭМТ-ийн дарга Л.Байгал нар оролцсон юм. Гэрээнд заасны дагуу Япон улсын ЗГ-ын Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөр эрүүл мэндийн үйлчилгээг дүүрэг орон нутагтаа түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлж, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжин буцалтгүй тусламжаар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын дурангийн аппаратыг нийлүүлэх төслийн санхүүжилт 109,415ам.доллар (344,659,940 орчим төгрөг) өртөг бүхий санхүүжилтийг шийдсэн юм. Япон Улсын Засгийн газрын Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн санхүүжилтээр Налайх дүүрэгт хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Үүнд: Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийн барилгын ажил, 1, 3, 4, 7, 8 дугаар хороонд баригдсан ухаалаг 6 худгийн барилгын ажил, энэ удаагийн гэрээнд тусгагдсан дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын дурангийн аппарат нийлүүлэх ажлуудыг тус тус санхүүжүүлсэн юм. Налайх дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмрийг оруулж буй Япон Улсын Засгийн газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд дүүргийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.