НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нүүрсний цооногуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийж байна.
Тус байгууллагаас Налайх дүүрэг дэх нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч 20 аж ахуй нэгжид Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох дүрэм, журам стандартын хэрэгжилтийг шалгах зорилгоор 4 хяналтын чиглэлийн 11 улсын байцаагч шалгалт хийжээ.
Шалгалтаар 9 тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ийн талбай 41.3 га эвдэгдсэн ба Сүмбэрхудаг ХХК, Таван шүтээн ХХК, Хэлтрэгэ ХХК-иудын талбайд 9 нөхөрлөлийн 83 ам цооногт 590 иргэн нүүрс олборлож байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 12 ААН нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш газрын хэвлийг 3-аас дээш жил ашиглаагүй нь, 9 ААН нь байгаль орчныг хамгаалах эрх үүргээ биелүүлээгүй байгаа нь хууль зөрчиж байна.
Мөн Налайх дүүрэг дэх нүүрс олборлолтын улмаас сүүлийн 10 жилд уурхайн осол 137 удаа гарч 274 хүн аврагдаж 126 хүн амь насаа алджээ. Үүнээс сүүлийн хоёр жилд 2 хүн амиа алджээ.
"ХҮНИЙ АМИНААС ИЛҮҮ ҮНЭТЭЙ АЖЛЫН БАЙР ГЭЖ БАЙХГҮЙ"
Нүүрс олборлолтыг зогсооно, хариуцлага хүлээлгэнэ гэхээр иргэд ажлын байргүй болно гэж хаацайлдаг.
Гэвч Налайхын нүүрсний уурхайд ажилладаг байгаа нийт ажилчдын 30 гаруй хувь нь тус дүүргийн иргэд байдаг. Ажилчдын амь нас эрсдээд буй энэхүү аюултай нөхцөлд байгаа уурхайнуудын үйл ажиллагааг зогсоох шаардлагатай.
Хүний амиар дэнчин тавьж цаашдаа ажиллаж болохгүй бөгөөд аминаас илүү үнэтэй ажлын байр гэж байх ёсгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй тохиолдолд нөхөрлөлийн гурвалсан гэрээг хийх боломжгүй.
Мөн цаашдаа Налайхын нүүрс олборлолтын үйл ажиллагаанд хатуу хяналт тавих болно гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгдлээ.