Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг бүх хороо, сумдад үе шаттайгаар байгуулж байна.
Налайх дүүргийн 6 дугаар хороонд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн нээлтийн үйл ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар нар оролцож дүүргийн иргэдэд мэдээ, мэдээлэл солилцож ярилцлаа.
"ХУРДАН" цэгийн ажиллагааг иргэд хорооныхоо зохион байгуулагчаар дамжуулан өөрт хэрэгтэй лавлагаа, тодорхойлолтоо түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.
“ХУРДАН” цэгээс иргэд автотээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, жолоодох эрхийн оноо, шинжилгээний хариу авах, зээлийн мэдээллийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг төрийн 43 байгууллагын 478 төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой.