Налайх дүүрэг
Налайх дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар удирдан явуулсан бөгөөд зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын дэргэдэх агентлаг, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад, харьяа газрууд зэрэг 30 гаруй байгууллагын удирдлагууд болон хороодын Засаг дарга нар оролцсон юм.

Зөвлөгөөний үеэр дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Эрүүл мэндийн төвөөс өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар тайлан мэдээг удидлагуудад өгсөн юм.
Тухайлбал Эрүүл мэндийн төвд амбулаториар 2998 хүн үзүүлж, 261 хүн хэвтэн эмчлүүлжээ.
Цагдаагийн хэлтэст 14 хоногийн хугацаанд 141 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 40 гаруй хувиар буурсан үзүүлэлт байна гэв. Мөн тус Цагдаагийн хэлтсээс нэг сарын хугацаанд "Тэрэлж" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулжээ.
Онцгой байдлын хэлтсийн хувьд үер усны 3 дуудлага мэдээллээр гарч ажилласан байна.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын засварын ажлыг бүрэн дуусгаж, сургууль, цэцэрлэгт хүүхэд хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангах, дүүрэгт хэрэгжиж байгаа барилга угсралт, их засвар, зураг төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудын явцад тавих хяналтыг нэмэгдүүлж, хугацаандаа дуусаагүй төсөл арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнг тооцож хариуцлага алдсан байгууллагуудад арга хэмжээ авах талаар санал боловсруулж танилцуулах, дүүргийн хэмжээнд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын байдалд дүгнэлт хийж, дараагийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах зэрэг 11 чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
