Налайх дүүрэг
Монголын багш нарын VII их хурал Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Сайн багш-сайхан ирээдүй” уриатайгаар зохион байгуулагдаж, Төрийн ордонд хоёр өдөр чууллаа.
Тус их хуралд дүүргийнхээ багш нарыг төлөөлөн оролцсон төлөөлөгчид өнөөдөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Эдийн засаг, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр нартай уулзан, их хурлаас гарсан бодлого шийдвэрийн талаар танилцууллаа.
Багш нарын их хуралтай зэрэгцэн Засгийн газрын ээлжит бус хуралдааныг яаралтай хуралдуулж, “Багшийн хөгжлийн дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргасан байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛД:
-Багш нарын ээлжит их хурлыг 5 жил тутамд зохион байгуулж байх,
-Ирэх есдүгээр сарын 1-ээс эхлэн хичээл практикийн зардлыг төрөөс дааж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багшид урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх,
-Багш ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багц үзлэгт жилд нэг удаа хамруулах,
-Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын байгууллагуудын багшийн хөгжлийн төвийг байгуулах,
-Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарыг компьютержүүлж, сургалтын зарим үйл ажиллагааг нь цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх,
-Багшийн ажлын онцлогоос хамаарч үр дүнд суурилсан урамшуулал олгох, норм нормативаас давсан ачааллыг тооцоолж нэмэгдэл цалин олгох асуудлыг судалж, үе шаттай шийдвэрлэх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг танилцуулсан юм.
Монголын Багш нарын VII их хурлаас Монголын нийт сурган хүмүүжүүлэгчдэд хандаж дараах УРИАЛГА гаргасан байна.
1. Багш бид - Эрдмийг түгээн дэлгэрүүлэгчийн хувьд суралцагчдадаа үлгэр дуурайл болохуйц мэдлэг боловсрол, ёс зүйн хэм хэмжээний өндөр шаардлагыг өөртөө тавьж, “Багш” хэмээх хүндтэй нэр алдрыг ямагт эрхэмлэн дээдэлж ажиллах,
2. Багш бид - Хүмүүнийг сургаж, эрдэм оюуныг хөгжүүлэгчийн хувьд мэдлэг ухаан, заах ур чадвар, харилцаа хандлагадаа цаг ямагт анхаарч, өөрийгөө хөгжүүлж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулж, зөв Монгол хүнийг сургаж төлөвшүүлэх,
3. Багш бид – Төрт ёсоо дээдэлсэн холч ухаантай Монгол хүний хувьд төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, тулгамдсан аливаа саад бэрхшээлийг тал бүрээс нь сайтар тунгааж, эвийг эрхэмлэж, сайнаар үлгэрлэн олныг гэгээрүүлэх,
4. Багш бид –Сурган хүмүүжүүлэх ажилдаа судалгаа, шинжилгээ хийж, түүнийхээ үр дүнг практикт нэвтрүүлэхэд бүтээлч санаачилга, үр өгөөжтэй хандах, арга туршлагаа бусадтай хуваалцах,
5. Багш бид - Суралцагчдын сонирхол, эрэлт хэрэгцээг илүү тооцож, уян хатан олон хувилбартай, амьдрал, үйлдвэрлэлтэй нягт холбоотой шинэ мэдлэг мэдээлэл олж авах, сургалтын дэвшилтэт технологийг нэвтрүүлж бие даан суралцах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлтгэх.
6. Багш бид - Боловсролын эдийн засаг, бодлогын судалгааны чиглэлээр мэдлэг, чадвараа тасралтгүй дээшлүүлж, нийгмийн харилцаанд нийцсэн сэтгэлгээ, арга барилаа өөрчилж хөгжих
7. Багш бид – Ирээдүйн иргэдийг сурган хүмүүжүүлэгчийн хувьд мэргэжил, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, нийгмийн хөгжлийн шинэ чиг хандлагыг соргог мэдэрч, цаг үетэйгээ хөл нийлүүлж, өөрөө бие даан хөгжихийг эрхэм зорилгоо болгохыг УРИАЛСАН байна.
Их хуралд дүүргээ төлөөлөн оролцсон төлөөлөгч багш нар их хурлаас гарсан бодлого шийдвэрийг дүүргийнхээ бүх багш нарт хүргэх ажлыг энэ 7 хоногт зохион байгуулна гэв.
