Налайх дүүрэг
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд 02 сарын 19-ны өдөр Налайх дүүрэгт ажиллалаа.
Хотын даргын хувьд Коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлын явц, захирамж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, Налайхын шинэ зам дээр ирэх хавар баригдаж эхлэх явган зам, дугуйн замын бэлтгэл ажлын талаар холбогдох албаны хүмүүсийн тайлбарыг сонсож, ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар ѳгсөн юм.

Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн хэмжээнд найман автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо ажиллаж буй.
Зүүн болон урд чиглэлийн зорчигчдыг хянах шалган нэвтрүүлэх товчоо Налайх дүүргийн Оргил худалдааны төвийн орчимд ажиллаж иргэд, зорчигчдын халууныг хэмжиж 24 цагаар ажиллаж байна.
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцуулахдаа: Налайхын шалган нэвтрүүлэх товчоонд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн төвийн эмч ажилчид, албан хаагчид хуваарийн дагуу 24 цагаар үүрэг гүйцэтгэж хот руу нэвтэрч байгаа бүх тээврийн хэрэгслийг түр зогсоон хурдан хугацаанд иргэдийн халууныг хэмжин, санамж сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна. Дүүргийн Онцгой комиссын зүгээс товчооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хяналтыг байнга хийж байна гэв.

Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал: "Гаргасан хуваарийн дагуу эмнэлгийн баг ахалж үүрэг гүйцэтгэж байна. Бүх л тээврийн хэрэгслийг зогсоон, зайнаас иргэдийн халууныг хэмжиж, коронавирусын халдвараас сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тараан, амны хаалтаа байнга зүүж хэрэглэхийг анхааруулж байна" гэлээ.
Шалган нэвтрүүлэх цэгүүдэд хийгдэж байгаа үзлэг шалгалтаар сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд ХӨСҮТ-н албаныхан ирж тусгаарлах арга хэмжээг авч ажиллах бөгөөд хяналт тавьж байгаа албан хаагчдыг контакт тогтоолгүйгээр эрсдлээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтыг авч ажиллах талаар нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Даваажамьян энэ үеэр мэдээлэв.

Цаашид түр байгуулсан шалган нэвтрүүлэх цэгүүдэд орон нутаг болон нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөнд бүрэн хяналт тавьж байгаа учраас нарийвчилсан судалгаа гаргаж албажуулаад, стандартын дагуу цахим системд холбож, бүртгэлжүүлэх ажлыг хэрэгжүүлбэл цаашид гэмт хэрэг, зөрчлийн тоо буурах өндөр ач холбогдолтой талаар хэллээ.
Хотын Захирагч С.Амарсайхан авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ажлыг өнгөрсөн амралтын өдөр шалгахад хяналт сул байсан гэдгийг онцлоод хот руу нэвтэрч байгаа бүхий л тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн зогсоож хяналтаа илүү өндөржүүлэн, үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажиллахыг анхаарууллаа.
Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд төрийн албан хаагчдыг ажилдаа хариуцлагатай хандаж, хамтын хүчээр халдвараас сэргийлж ажиллахын тулд бүх хүчээ дайчлан ажиллахыг уриалсан юм.

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилготой хяналт зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагуудын ажиллах боломж нөхцлийг сайжруулахын тулд Цагдаагийн газар, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтраад хяналтын пост байгуулах байршлаа тодорхой болгоод, судалгаа гаргаж өгөхийг үүрэг болголоо.