2020 оныг “Нэг хот-нэг стандарт” зорилтот жил болгон зарлах тухай нийслэлийн Засаг даргын А/02 дугаар захирамж гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Тус аяныг өнгөрсөн долдугаар сарын 01-нээс энэ сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан бөгөөд зургаан чиглэлийн 132 шалгуур үзүүлэлтээр дүгнэжээ.
Нийслэлийн 381 жилийн ойн баярын хүрээнд 2020 оны “Манай хороо-Миний гудамж” аяны шилдэгээр шалгарсан дүүрэг, хороод болон шилдэг байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоо, өрх, хог хаягдлын үйлчилгээний байгууллага шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан болон нийслэлийн есөн дүүргийн албан хаагчид оролцов.
“Манай хороо-Миний гудамж” 2020 аянд Налайх дүүрэг амжилттай оролцож, 7 номинацийн 6-д нь шагналт байр эзэллээ. “Манай хороо-Миний гудамж” аяны 2020 оны шилдэг дүүргээр Налайх дүүрэг тэргүүлсэн бол удаах байрт Хан-уул, Сонгинохайрхан дүүрэг шалгарлаа.
Мөн 8 дугаар хороо-Шилдэг орон сууцны хороо
4 дүгээр хороо-Шилдэг гэр хороо
23 дугаар цэцэрлэг-Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-Шилдэг үйлчилгээний байгууллагаар тус тус шалгарсан бол, Налайх дүүргийн 8 дугаар хорооны иргэн Б.Ганхуяг-Шилдэг өрхөөр шалгарч, нийслэлийн удирдлагуудаас шагналаа гардан авлаа.
Дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажилласан Налайхчууд, иргэд та бүхэндээ талархал илэрхийлж, нийслэл Улаанбаатар хотын 381 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.
ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА