Налайх дүүрэг

"НЭГ САЙХАН СТАДИОН БОСГОЖ НААДМААС ӨМНӨ НАЛАЙХЧУУДАА БЭЛЭГ БАРИНА ДАА" ХЭМЭЭН ШАРГУУ АЖИЛЛАХ УУРХАЙЧИН ЗАЛУУСАА ДЭМЖИЦГЭЭЕ

Налайх дүүргийн Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд байрлах олон улсын хөнгөн атлетикийн тартан замын хажууд их бүтээн байгуулалт өрнөнө. Энд уурхайчин залуус халууныг үл ажран үдшийн гэгээ тасартал цаг нартай уралдан ажилласаар.

"Нэг сайхан стадион босгож наадмаас өмнө Налайхчууддаа бэлэг барина даа" хэмээн ярих энэ хөдөлмөрч залуусаар бахархахгүй байхын аргагүй.

"Олны хүч оломгүй далай" гэдэг үгний жинхэнэ утга учрыг Налайхчууд үйлдлээрээ, сэтгэлийн дэмжлэг тусламжаараа батлан харуулж байна. 
Учир юу хэмээвээс Налайхын наадмаас өмнө стадион барихаар шаргуу ажиллаж байгаа нь энэ.

Гэхдээ энэ ажлыг улс, нийслэлийн төсөв хөрөнгөөр хийж байна уу гэж үү. Үгүй ээ.

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Н.Батболд уурхайчин залуустайгаа хамтран Шинэ-Налайх цэцэрлэгт хүрээлэнгийн тартан замыг тойруулан үзэгчдийн суудал, саравч барьж, дүүргийн баяр наадмын өдрөөс өмнө хүлээлгэн өгөх санаачилга гаргасан.

Энэхүү санаачилгыг дүүргийн ИТХ, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон төрийн байгууллагууд түүчээлэн дэмжиж, ажил өдрөөс өдөрт урагшилсаар.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 06 дугаар сарын 04-ны өдөр дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч иргэн, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж, эхлүүлж байгаа уг ажлыг танилцуулсан. Хайрга дайрганы карьер, тоосгоны үйлдвэрүүд цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг дэмжиж, шаардлагатай түүхий эд материалыг хуваарилж аваад маргааш өдрөөс нь эхлэн буулгаж эхэлсэн юм.

Уг санаачилгыг үргэлжлүүлэн олон аж ахуйн нэгж, иргэд хандив тусламж өрнүүлсээр.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс хэмнэгдсэн 22,275,367 төгрөгийг тартан замыг тойруулан үзэгчдийн суудал барьж буй уурхайчдад дэмжлэг үзүүлэхээр шилжүүлэх тухай Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар тогтоол гарсан.

06 дугаар сарын 13-ны өдөр ИТХ-ын төлөөлөгчид болон Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Ажлын алба ажлын талбар дээр нь очиж тус тогтоолын талаар уурхайчин залуустаа танилцуулсан.

Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр Налайхын Дулааны станц ТӨХК-ийн залуус нэг өдрийн туршид очиж ажилласан байна.

Энэ мэтчилэн Налайхчууд бүх талаараа дэмжлэг өрнүүлэх аян үргэлжилсээр...

Өнөөдөр /06.18/ л гэхэд дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулж уг бүтээн байгуулалтын ажлын талаар албан байгууллагын удирдлагуудад танилцууллаа.

Дүүргийн ЗДТГ, хороодын 150 гаруй ажилтан албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж байгаа гэдгийг Засаг даргын орлогч Х.Анхбаяр танилцуулсан бөгөөд төрийн байгууллагууд уг уриалгыг дэмжихээ илэрхийлсэн юм.

Мөн "Чандмань Налайх" ОНӨААТҮГ-ын ажилтан албан хаагчид 06 сарын 22-ны амралтын өдөр очиж үг бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох хүсэлтээ гаргасан бол 06 сарын 23-ны ням гаригт Онцгойгийн албан хаагчид очиж ажиллах юм.

Уурхайчин залуусын эхлүүлсэн стадион барих ажлыг хамтын хүчээр бүтээн цогцлоохыг Налайхчууд та бүхнээсээ уриалж байна.

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

 

 

Хуваалцах: