Налайх дүүрэг

ХОРООДЫН ХУДАГНУУДЫГ БАЙНГЫН УСТАЙ БАЙЛГАХАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХЫГ ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ ДААЛГАЛАА

Дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар өнөөдөр /12.03/ хороодын Засаг дарга нартай уулзаж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Тэрбээр "Иргэдээс худаг ажиллахгүй, усгүй байгаа талаар болон нийтийн тээвэртэй холбоотой санал гомдол түгээмэл ирж байна.

Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт коронавиурусын халдвар илэрсэн, голомт болоод байгаа учраас иргэддээ Засгийн газрын тогтоолын дагуу хөл хорионы дэглэм үргэлжилж байгаа талаар мэдээллийг сайн өгөөрэй. Сүүлийн үед иргэдийн хөл хорио суларч, гадуур хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Тиймээс гудамж талбайд хяналтаа өндөржүүлж шуурхай мэдээлэл солилцож ажиллахыг хүсье. Мөн Чандмань Налайх мэргэжлийн байгууллагатай мэдээлэл солилцож, худагнуудаа байнгын устай байлгах асуудал дээр хяналтаа тавь. Орчны 50 метр газрын цас цэвэрлэгээ, халтиргаа гулгааг арилгаж ажиллах чиглэлээр иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл хүргэж хамтарч ажиллаарай.

Маргаашнаас эхлэн "нэг өрх-нэг иргэн" аяны хүрээнд хороо тус бүрээс 125 иргэнээс Ковид вирусын шинжилгээг авахаар болсон. Энэ ажлын судалгааг нарийвчлан гаргаж өндөр зохион байгуулалтанд орж ажиллах хэрэгтэй"-г сануулаад хугацаатай үүрэг даалгаврууд өглөө.

Хуваалцах: