Цар тахлын нөхцөл байдал улам бүр хүндэрч, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд хөл хорио тогтоолоо.
2020 оны 12-р сарын 23-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 6-н хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг хэсэгчилсэн байдлаар тогтоож байна. Өнгөрсөн хугацаанд 13 чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрч байсан бол энэ удаад 15 чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрч, хязгаарлалт тогтоохгүй гэлээ.
Дараах 15 байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ
1. Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
3. Газрын тосны бүтээгдэхүүн, хүнсний хангамж, түгээлт тээвэрлэлтийн үйл ажиллагаа
4. Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
5. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллагын үйл ажиллагаа
6. Нийтийн тээвэр , зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
7. Хот суурин, усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйл ажиллагаа
8. Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх үйл ажиллагаа
9. Банкны үйл ажиллагаа
10. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны үйл ажиллагаа, шуудангийн үйл ажиллагаа
11. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаа
12. Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, нотариатын үйл ажиллагаа /Зохицуулалт хийнэ/
13. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа 10-15 хувийг ажиллуулна
14. Хүүхэд хамгаалал, асрах байруудын үйл ажиллагаа
15. Буян, оршуулгын үйл ажиллагаа
Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг чухалчилж байгааг онцлоод голомтыг хумих, тархалтыг таслан зогсоох, эрүүл мэндийн байгууллагад ирж байгаа ачааллыг бууруулах үүднээс ийм шийдвэр гаргасныг Монгол Улсын шадар сайд Я. Содбаатар танилцууллаа. Хэдийгээр хөл хорио тогтоосон ч шинэ жилийн үеэр хөл хөдөлгөөн нэмэгддэг учраас хөл хорионы дэглэмийг чангатгахаа онцоллоо.
Мөн нийтийн вакцинжуулалтын ажлыг нэгдүгээр улиралд багтааж эхэлнэ гэлээ.