Монгол Улсын Засгийн газрын "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тогтоолоор Налайх дүүрэг нь түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд багтаагүй.
Гэсэн хэдий ч уг бүсчлэлд орох саналыг Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Таван толгой түлш ХХК зэрэг холбогдох дээд шатны байгууллагуудад 2018 оноос хойш байнга хүсэлт, албан бичгийг хүргүүлээд байна.
Гэвч алслагдсан дүүрэг болон зүүн бүсийн агаарын бохирдол ихтэй суурин газруудыг 2021 оны өвлөөс эхлэн сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд шилжүүлэх талаар чиглэл өгсөн.
Дүүргийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын зүгээс холбогдох дээд шатны байгууллагуудад санал хүсэлт явуулж, Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлш хэрэглэх талаар хөөцөлдөж байна.
Дүүргийн галлагаатай иргэдийн судалгаагаар айл өрхийн 30 гаруй хувь нь сайжруулсан шахмал түлш хэрэглэх зуух яндангийн шаардлага хангахгүй байгаа учраас дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хороодын Ажлын албаар дамжуулан айл өрхийн зуух, пийшингийн судалгааг дахин авч байна.
Иймд иргэд та бүхнийг хувийн зүгээс бэлтгэлээ хангаж, зуух яндангийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангахыг уриалж байна.