Улаанбаатар-Налайх чиглэлд такси үйлчилгээ эрхлэгч иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг, Замын цагдаагийн тасгийн дарга Т.Түвшинбаатар нар оролцож, такси үйлчилгээ эрхлэгч иргэдийн тавьж буй санал хүсэлттэй холбоотой асуудлаар санал солилцлоо.
Такси үйлчилгээ эрхлэгч иргэдийн зүгээс дэглэм суларсантай холбогдуулан Улаанбаатар-Налайх чиглэлд үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Дүүргийн ЗДТГ-т иргэдийн зүгээс такси үйлчилгээтэй холбоотой тэр дундаа Улаанбаатар-Налайх чиглэлд хувийн машинтай хүссэн болгон нь иргэдийг тээвэрлэх, дур мэдэн үнээ нэмэх, хурд болон зорчигчийн даац хэтрүүлэхтэй холбоотой санал гомдол ихээхэн ирдэг учраас дүүргийн удирдлагуудын зүгээс такси үйлчилгээ эрхлэгч иргэдийг цэгцлэх, иргэдийн санал гомдлыг барагдуулах, үйлчилгээг сайжруулах чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Ковид-19 цар тахлын дэгдэлт Улаанбаатар хотын хэмжээнд тэр дундаа төвийн 6 дүүрэгт төдийлэн буурахгүй, өдөр ирэх тусам нэмэгдэж байгаатай холбогдуулан Налайх дүүргийн иргэд хариуцлага, сахилга батаа улам өндөржүүлэх шаардлагатай байгааг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар онцгойлон анхааруулаад нэг хүний цаана олон хүний эрүүл мэндийн асуудал тулгарч байдгийг санууллаа.
Тухайлбал Налайх дүүрэгт илэрсэн анхны хавьтлаас улбаатай нэг такси үйлчилгээ эрхлэгч иргэнээр дамжуулан 40 гаруй хүнийг олж тогтоох шаардлага гарсан учраас хамгийн эрсдэлтэй бүлэг гэдгийг сануулаад жолоочийн тусгаарлагч хийх, QR кодоор зорчигч үйлчлүүлэгчийн бүртгэл хөтлөх нь наад захын үүрэг гэдгийг санууллаа.