Дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Баянгийн бүрд захын төлөөллийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтад Засаг даргын орлогч С.Тунгалаг, ЗАА-ны дарга Д.Оюунбилэг, ХҮҮХ-ийн дарга Ц.Тунгалаг нар оролцож, захын худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн асуудлаар санал солилцлоо.
Тус иргэдийн зүгээс татан авалт хийсэн бараагаа буулгахад авто замын зорчих хөдөлгөөний тусгаарлах зурвас хүндрэл учруулдаг асуудлыг танилцуулсан юм.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлэхдээ: "2017, 18 онд та бүхэнтэйгээ уулзаж санал солилцож байсан. Тэгэхэд бас л авто замын нэгдүгээр эгнээгээр такси үйлчилгээ эрхлэгчид зогсож замын хөдөлгөөнд хүндрэл учруулдаг асуудлаар санал солилцож байсан. Ингээд өнгөрсөн онд 23 дугаар цэцэрлэгийн урд хэсэгт авто зогсоол байгуулсан.
Өнөөдөр нөхцөл байдал хэвээр л байна. Энд зөвхөн та бүхний эрх ашиг яригдаагүй. Такси үйлчилгээ эрхлэгчид, тэр хэсгийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдээс гадна, иргэд оршин суугчид, зорчигчид, хүүхдүүдийн эрх ашгийн асуудал хөндөгдөх ёстой. Тиймээс хамтдаа гаргалгаагаа олж, үйл ажиллагаагаа илүү сайжруулах, соёлжуулах шаардлагатай" гэв.
Энэхүү уулзалтын үр дүнгээр цаашдаа Баянгийн Бүрд захын болон тэр орчмын түрээслүүлэгч иргэн, аж ахуйн нэгжтэй хамтарсан уулзалт зохион байгуулж, авто замын зорчих хэсэг рүү харуулсан үйл ажиллагаа явуулахгүй байлгах, зах худалдааны төвийн стандартыг мөрдүүлэх, тусгайлсан авто зогсоолтой болгох асуудлыг дахин авч хэлэлцэхээр боллоо.