Налайх дүүрэг

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАРТАЙ ГУРВАЛСАН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал нар Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай гурвалсан гэрээ байгууллаа.

Өнгөрсөн 2020 оны үр дүнгээр дүүргийн дөрвөн ӨЭМТ бүрэн хангалттай үнэлэгдсэн бөгөөд ийнхүү 2021 оны хамтын ажиллагааны гурвалсан гэрээ байгуулж, үзэглэлээ.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: "Ковид19 цар тахал тархсан нөхцөл байдал хүндхэн байгаа энэ цаг үед түүчээ болж ажиллах хүмүүс бол гарцаагүй эрүүл мэндийн салбарынхан. Нэн ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд хүргэх хүмүүс бол та бүхэн гэдгийг ухамсарлаж, ажилдаа хандах хандлага, сэтгэлгээгээ илүү сайжруулж ажиллахыг хүсье. Та бүхний гарт хорооны иргэдийн нарийвчилсан бүртгэл судалдаа ямагт бэлэн байх ёстой шүү. Хорооны ахмад настан, хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдийн судалгааг ямагт бэлэн байлгаж, асуудал хүндэрсэн үед хугацаа алдахгүйгээр дараа дараагийн арга хэмжээгээ зөв оновчтой төлөвлөж, хамтдаа энэ өвчний ард эрсдэлгүйгээр гарах нь чухал байна" хэмээн захилаа.

Мөн дүүргийн Засаг даргын орлогч Н.Мандуул үг хэлж, бодлогын түвшинд хамтран үр бүтээлтэй ажиллахаа илэрхийллээ.

Хуваалцах: