Налайх дүүрэг

ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ДҮҮРЭГТЭЭ ОРОХ, ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРЭН ХААНА

Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахимаар зохион байгуулагдлаа.

Шуурхай зөвлөгөөнд 60 гаруй байгууллагын удирдлагууд оролцож, хатуу хөл хорио тогтоох үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, “Нэг хаалга-нэг өрх” шинжилгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцлоо.

Дүүргийн Засаг даргын орлогч Н.Мандуул хөл хорионы үед төрийн байгууллагуудын зайлшгүй авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулсан бол, дүүргийн Шуурхай штабын дарга Х.Анхбаяр “Нэг хаалга-нэг өрх” шинжилгээний үеийн зохион байгуулалтын зураглал, мэдээллийг танилцуулсан юм.

Өнөөдөр буюу 02 сарын 08-ны өдөр Явуулын 7, суурин 1, нийт 8 баг дүүргийн хэмжээний төрийн байгууллагын 2300 гаруй ажилтан, албан хаагчдыг нэг бүрчлэн ПСР шинжилгээнд хамруулах ажлыг хуваарь гарган зохион байгуулж байна.

Дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар: "Хатуу хөл хорионы үед дүүрэгтээ орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаана. Ингэж байж 10 мянга гаруй өрхөөсөө шинжилгээг авна. Энэ үед Улаанбаатар хотоос ирж ажилладаг албан хаагчдаа нэн ялангуяа Онцгой, цагдаа, эрүүл мэнд зэрэг мэргэжлийн байгууллагын албан хаагчдыг дүүрэгтээ байрлах чиглэлээр санал, судалгааг яаралтай танилцуул. Өрх, иргэн нэг бүртээ анхаараарай. Хаалганы цаана архидалт, хүчирхийлэл, хүүхэд хохирох зэрэг болзошгүй эрсдлүүд байх вий. Энэ цаг үед л бүхий л төрийн байгууллагууд уялдаа холбоогоо хангаж, бүх талаар сэрэмжтэй байж, өндөр зохион байгуулалттай ажиллах нь чухал байна. Шинжилгээ авах ажилд төрийн албан хаагчид дайчлагдан ажиллах болно гэдгийг онцгойлон анхааруулж байна. Энэ бол төрийн албан хаагчдын үүрэг учраас хариуцлагатайгаар хамтран ажиллахыг хүсье" гэв.

Дашрамд дурдахад Засгийн газрын шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдалд шилжихээр болсон. Энэ хугацаанд "нэг хаалга-нэг шинжилгээ" аяныг өрнүүлж нийт өрхийн төлөөллийг шинжилгээнд хамруулна. Иймд иргэд та бүхнийг энэ хугацаанд гэрээсээ гарахгүй байж, төрийнхөө шийдвэрийг хүндэтгэн сахиж, цахимаар золгохыг уриалж байна.

ХАЛДВАРЫН ЭРСДЛЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЦГЭЭЕ.

 

 

Хуваалцах: