Налайх дүүрэг

МЭНДЧИЛГЭЭ

Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын мэндийг Налайх дүүргийнхээ түмэн олонд болон нийт Монголчууддаа өргөн дэвшүүлж, XVII жарны “Цөөвөр” хэмээгч цагаагчин үхэр жилдээ айл саахалтаараа амар амгалан, хотол олноороо эрүүл энх, түвшин жаргалтай байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй хулгана жил Монгол түмний төдийгүй дэлхий нийтийн өмнө нүүрлээд буй цар тахал өвчний эсрэг бүх нийтээрээ тэмцсэн түүхэнд тодоос тод тэмдэглэгдэх он жил болж үлдэж байна.

Гэсэн хэдий ч Ковид-19 цар тахлын аюулаас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, энхийн манаанд цаг наргүй ажиллаж буй Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналтын албан хаагчид, аюулт өвчний эсрэг сөрөн зогсож буй цагаан нөмрөгт баатрууд болох эмч, эмнэлгийн ажилтнууд, олон олон алба хаагчид галын шугаманд "бамбай" болж ажиллаж буй учраас энх сайхан цаг удахгүй учран золгоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнгөрсөн 2020 оны сонгуулийн үр дүнгээр ард иргэдийнхээ итгэл дэмжлэгийг дахин хүлээж, өнгөрсөн 4 жилд хийж хэрэгжүүлснээ үргэлжлүүлэх, үр дүнг ахиулах тайлангийн дөрвөн жилийг дахин эхлүүллээ.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа 2020-2024 онд хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө хэлэлцэн батлуулж, ажилдаа ханцуй шамлан ороод байна.

Налайх дүүрэгтээ 2021 оныг “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХАРИУЦЛАГЫН ЖИЛ” зорилтот жил болгон зарлаж, төрийн бүх шатанд хариуцлага, сахилга батыг төлөвшүүлэн, иргэдийнхээ оролцоо дэмжлэгтэйгээр аюулт цар тахал өвчнийг хамтдаа ялан дийлж, дүүргийнхээ хөгжлийн төлөө манлайлан ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.

“Цөөвөр” хэмээгч цагаагчин үхэр жил Налайхчуудын хувьд бүтээн байгуулалт ундарсан, өрнүүн их ажил хөдөлмөрийн жил байх болно.

Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлсэн, эрүүл орчинтой, нийгмийн хөгжил, төрийн үйлчилгээгээр тэргүүлсэн иргэддээ ээлтэй, ирээдүйн жишиг хотын төлөө иргэн бүр оролцоогоо нэмэгдүүлж, дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө үнэтэй санал санаачилга, дэмжлэг туслалцаа үзүүлж, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Угтан золгож буй үхэр жилд МОНГОЛЧУУД БИД эрүүл байж, эдийн засаг нь сэргэсэн, ажил орлоготой, амгалан тайван, хөдөө хотгүй хүний хөл, хүүхдийн инээд цангинасан хэвийн амьдралдаа орсон сайхан жил болох болтугай.

Ирж буй үхэр жилдээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, төр улсаараа элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

"Сар шинэдээ сайхан шинэлээрэй"

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЧОЙЖИНСАМБУУГИЙН РАДНААБАЗАР

Хуваалцах: