Дүүргийн Засаг даргын цахим шуурхай хуралдаанаас өгсөн үүргийн дагуу дүүргийн Засаг даргын зөвлөх, шуурхай штабын дарга Х.Анхбаяр, Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Б.Өлзийсайхан нар 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагт дүүргийн төрийн байгууллагуудын ажилтан албан хаагч нарт цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Коронавирус /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар Засгийн газар, Улсын Онцгой комисс, нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комиссоос гаргасан эрх зүйн акт, дүрэм журам, зохион байгуулж байгаа халдвар хамгааллын дэглэм, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшинд хэрхэн байгууллагын болон иргэд өөрсдийн халдвар хамгааллын дэглэмийг сахих, дүүргийн өнөөгийн нөхцөл байдлын танилцуулга, гэрийн ажиглан тусгаарлалт, голомтын хязгаарлалтыг хэрхэн зохион байгуулдаг талаар яриа таниулга, зөвлөмжийг хүргэсэн.
Мөн хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангаагүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Гамшгаас хамгаалах тухай, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Зөрчлийн тухай хууль тогтоомжид заасан хуулийн хариуцлага хүлээлгэх, цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйл заалтын талаар тайлбарлан таниуллаа.
Мөн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж байгууллагын хэмжээнд тусгаарлах өрөөг байгуулан ажиллах талаар чиглэл өгсөн.
Тус сургалтанд 32 байгууллагын 144 ажилтан албан хаагчид цахимаар хамрагдаж мэдээлэл авлаа.