Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц, Алсын хараа-2050 зэрэг бодлогын баримт бичгүүдэд хүүхдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх ойлголт, хүүхдийн бодит оролцоог нэмэгдүүлэх зарчимд тулгуурлан ажиллахыг заасан.
Энэ хүрээнд хүүхдийн амьдралын бүхий л талбарт хүүхдийн оролцоог тодорхойлох, хүүхдийн төлөө хийж байгаа ажлуудыг хүүхдийн нүдээр харж, үнэлэх, тэдэнд тулгамдсан асуудлыг бодлого шийдвэрт тусгах зорилгоор "Оролцоод хөгжье" уриан дор Налайх дүүргийн Хүүхдийн чуулганыг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Чуулганд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын удирдлагууд болон 40 гаруй хүүхдийн төлөөлөл оролцож байна.
Дүүргийн Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн тэргүүн Ч.Раднаабазар чуулганыг нээж үг хэлэхдээ: "Хүүхдүүдийн өмнө шинэ хариуцлагын үе ирж байна. Энэ цар тахлын нөлөөгөөр цахим шилжилт бүрэн явагдаж байна. Хамгийн их санаа зовоосон асуудал бол өнөөдөр эрүүл мэнд, боловсролын асуудал байна. Хүүхдүүд та бүхэн маань энэ цар тахал өвчнөөс болж анги танхимдаа хичээллэх боломжгүй байгаа хэдий ч цахим хичээлээ шамдан үзэх хэрэгтэй. Бие дааж суралцах арга барилыг эзэмших ямар том шаардлага гарч байгааг ялангуяа манай дунд, ахлах ангийн хүүхдүүд сайн ойлгож байгаа гэдэгт ах нь итгэж байна.
Өнөөдөр энэ чуулган маань хүртэл цахимаар хуралдаж байна. Цаашдаа оршин буй орон зайнаас үл хамаараад хаанаас ч сурч хөгжих ямар давуу тал буюу цахим шилжилтийн шинэ үе ирж байгаа учраас эдгээр арга барилыг эзэмшээрэй гэж ах нь уриалж байгаа юм шүү.
Мөн цагдаа, онцгой, эмч нар гээд маш олон ах эгч нар нь өөрсдийн хүүхдүүддээ, гэр бүлдээ цаг зарцуулж чадахгүй та нарын сайн сайхны төлөө шамдан ажиллаж байгаа учраас маскаа зүүх, гараа угаах, гадаа олуулаа цуглаж тоглохгүй байх дүрмийг ягштал баримтлахыг дахин уриалж байна" гэв.
Энэ удаагийн чуулганаар:
• Хүүхдийн оролцох, хөгжих, хамгаалах эрхийн хэрэгжилт, үр дүнг дүгнэх
• Хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох
• Хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх
• Шийдвэр гаргахад хүүхдийн оролцоог хангах ажлыг чанаржуулах, 2021 оны ажлын төлөвлөгөөг гаргах
• Хүүхдийн оролцооны байгууллагуудын хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээрх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлхэд, хүүхэд эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглүүлэх зорилтыг дэвшүүлэн чуулж байна.